Тэмдэглэл

Өнөөдөр  миний амьдрах сүүлийн өдөр.
Бас өнөөдөр миний амьдралын эхний өдөр.
Яг ингэж л амьдармаар байна. Яг ингэж л амьдарья. Үүнээс илүү үнэн гэж байхгүй. Үүнийг л өөртөө ойлгуулья.
   Ямар нэг зүйлээс айж, түгшиж, яачих бол, ингэчих болов уу, тэгчих болов уу гэсэн айдас, эцэс төгсгөлгүй хүлээлт, эцэс төгсгөлгүй хойшлуулалт, за дараа маргааш, тэгж байгаад бөөнд нь гэсэн залхуурал, дэмий цаг зарцуулалт, дэмий бодол, ер нь дэмий бүхнээс хол байя.
Хэн нэгнийг хүлээж, хэн нэгэнд найдаж, өөрөөсөө урваж, өөрийгөө голж, өөртөө итгэхгүй байсан цаг хугацаа минь бүгд баяртай.
   Надад "надаас" өөр хэн ч хэрэг болохгүй юм байна гэдгийг одоо л сайн ойлголоо.
Намайг "надаас" илүү ойлгох хүн, намайг "надаас" илүү түших хүн, надад "надаас" илүү найдах хүн, намайг яг "над" шиг хайрлах хүн угаасаа байхгүй юм байна. Олдох ч үгүй юм байна. Бусдад найдаад хэрэггүй. Бусад ч бас "өөрийгөө" бодоод завгүй л яваа. Гэтэл "өөрөөсөө" илүү итгэх хүнийг хайж байсан өөрийгөө гайхаж байна. Өөртөө гомдож байна. Бас өөрийгөө уучилж байна.
   Эцсийн найдвар бол "би өөрөө" болохоос биш хэн нэгэн байдаггүй юм байна.
   Хэн ч хэзээ ч өөртөө хайртай байдаг шигээ бусдыг хайрлаж сурдаггүй юм байна.  
Бусдын нүд юуг, яаж хардаг байх нь хамаагүй. Ганцхан өөрийнхөө өмнө л чи "утга учиртай, үнэ цэнэтэй" байж чадвал тэр бусад гэдэг чинь бусад л юм байна. Тэд бол би биш. Би бол тэд биш. Ингээд бол оо. Амьдрал их амархан дүрэмтэй юм байна. Энэ хорвоо дээр "би" л гэж байдаг юм байна. Өөр бусад гэдэг бол надаас хамаагүй зүйл юм байна. Тэднийг өөрийнхөө нэг хэсэг байж, эцсээ хүртэл өөртэйгөө хамт байж чадна гэж итгэх нь хамгийн гэнэн зүйл байсан байна.
   Хүчтэй, тууштай, зорилготой, идэвхтэй чармайлттай, яг хуучин шигээ, хэзээ ч бөхнө гэж мэддэггүй зул шиг л бай. Гал шиг бай. Далай шиг л бай. Тэнгэр шиг бай. Тэнгэр шиг л байя.
   Чи зөвхөн өөртөө л итгэ. Өөрийнхөө зөв гэж бодсон, зөвхөн өөрийнхөө замаар л яв. Анхнаасаа чинийх байсан учраас л чи тэр замаараа "зөв","дардан" явсаар л ирсэн... явж эхэлсэн... явах ёстой учраас л сонгосон.
Өөрийнхөө одонд итгэ ээ. Тэнгэр зурайж л байгаа.
Боломж, аз, амжилт, хичээл зүтгэл, хөдөлмөр, дэвшил, сайн сайхан, гэрэл гэгээ бүхэн гагцхүү бидний л өмнө байдаг.

Comments

Popular Posts