Ахиад л нэг солиорол
- Өнөөх өөрийгөө магтагсдын тухай чи ярьж байна уу?
- Өө, тийм л дээ. Нөгөөхсийн тухай...
- Би тэдэнд атаархсан шүү.
- Юунд?
- Өөртөө тийм хайртайд нь, өөрийгөө тэгж их хайрладагт нь, тэгээд л өөрийгөө магтахаасаа ч огт санаа зовдоггүйд нь. Энэ үнэхээр атаархмаар биш гэж үү? Өөртөө тийм хайртай болохсон...
- Өө, тэр чинь...
- Өөрийгөө яаж тэгж хайрлаж чаддаг юм бол оо? Чи өөрийгөө хэзээ нэгэн цагт тэгж хайрлаж үзсэн үү? Чи ер нь хэнийг, юуг тэгж ихээр хайрладаг вэ? Өөрийнхөө үсний ширхэг бүрт, өөрийнхөө амьсгал бүрт, алхаа бүрт, алдаа бүрт, оноо бүрт, ай ямар их хайртай юм бэ! Тэр нүд! Уруулаа зажлах, амьсгалаа залгих, үсээ оролдох, нүдээ анивчих, зүрхнийхээ цохилт бүрт хайртайг нь чи олж харж байна уу? Мэдэрч байна уу? Гуниглахдаа хүртэл тэр цаанаа л нэг өөрөөрөө байгаа нь атаархмаар биш гэж үү? Түүн шиг, түүн шиг л...
- Түүн шиг...
- Түүн шиг "үнэн"-ийг би хаанаас амьдадаа олж харах вэ?
- Чи "үнэн" гэв үү?
- Нээрэн дээ. Би одооноос өөрийгөө магтагсдыг хайрлаж эхэлж байна гээч. Өөрийгөө хайрладаг араншинг нь хайрлаж эхэлж байна. Тийм их зоригийг ээ... Хайрламаар зориг... Ганцхан өөртөө л гаргаж чаддаггүй сэлэм мэт, ир мэт, илд мэт зориг. Өөрийгөө бүлчихэж мэдэх ухаангүй зориг. Тийм зоригтнууд л өөрийгөө ядаж хайрлаад үзчихсэн байдаг байх.
- Өөрийгөө ядаж хайрлана гэв үү? Одоо л ойлгох гээд байна. Чиний юу ярьж байгааг...
- Гол нь тэд өөрийгөө "өмөөрөхгүйгээр" өөрсдийгөө хайрлаж чадаж байна шүү дээ. Яаж өмөөрөхгүй байж. Яаж өөртөө ийм үнэнч байж. ҮНЭНЧ...
- Хммм... Чиний айдсыг би сонсож байна аа.
- Тийм ээ. Тийм. Айдас. Өөрийгөө өмөөрөх гээд байдаг өөдгүй араншингуудаасаа айдаг би "амьдралыг яаж үнэнээр нь таних юм бэ?". Өөрийгөө үнэнээр нь шүүж чаддаггүй мунхаглалт автчихдаг би үнэний тухай ярих эрхтэй гэж үү. "Өөрөөрөө" гэж харсан цонх минь үнэнийг надаас далдлаад хаячихдагт айдаг. Өөрийгөө хайрлана гэдэг чинь өөрийгөө үнэнээр нь шүүнэ гэсэн үг. Өөрийгөө шударга шийтгэнэ гэсэн үг. Өөрийгөө үзэн ядаж бас чадна гэсэн үг. Өөртөө үнэн байхаас өөр юу хэрэгтэй юм бэ?
- Айдас бол төсөөлөл, охин минь.
- Өөрийгөө өрөвдөж байна. Төсөөллөөсөө айдаг над шиг хулчгар хүн "үнэн"-ий тухай ярьж байх гэж...
- Хүчтэй бай.
- Хүчтэй байж чадахгүй байгаадаа өөрийгөө өрөвдөж байна. Хүчтэй байх гээч чинь чухам юу юм бэ? Амар амгалан гээч нь хүчтэй байхыг хэлдэггүй юм уу?
- Өөрийгөө өрөвдөж байна гээд л өөрийгөө өрөвдөөд байж болохгүй шүү, охин минь. Өөрийгөө хайрлаж сурмаар байна гээд байсан чинь яасан бэ? Тэгээд хайрлаж эхлээч дээ. Хайрлаж эхлэхийн тулд өөрийгөө өрөвдөх биш. Өөрийгөө ойлгож эхэл. Тэгээд бусдыг ойлгож эхэлнэ...
- Яаж чи чив чимээгүй байж бүхнийг сонсож чаддаг юм бэ? Тэгээд бүх сэтгэлийг минь онгичоод хаячихсан байх юм.
- Онгичуулаад байгаа учраас чи хүчтэй байж чадахгүй байгаа юм. Хэн ч чиний сэтгэл рүү ороод өргөсийг чинь түүж өгөхгүй. Өөрийнхөө гараар өргөс хатгаж өгөх хүйтэн зүрхтэнүүд зөндөө байна. Харин тэр өргөсийг чи өөрөө л сугалж авна шүү. Тэгэхийн тулд хүчтэй бай.
Тэгээд охин минь, өөрийгөө магтагсдыг хайрлах хэцүү шүү. Өөрийгөө магтагсдыг хайрлаж байна гэдэг чинь л агуу байна.
Өөрийгөө магтагсад өрөөлийг хайрлах нь харин заримдаа бага байдаг юм. Өөрийгөө муулж, өөрийгөө зэмлэж, өөрийгөө шүүх гэдэг чинь огт өөр зүйл ч байж мэднэ... Би чамд дараа нь хэлж өгнө өө.
Далайг гатлах ухаан чамд бий. Далай гээч нь чи өөрөө юм.

_gasaiyagi.jpg)

Өөрийгөө магтагсад өрөөлийг хайрлах нь харин заримдаа бага байдаг юм. Өөрийгөө муулж, өөрийгөө зэмлэж, өөрийгөө шүүх гэдэг чинь огт өөр зүйл ч байж мэднэ... Би чамд дараа нь хэлж өгнө өө.
ReplyDeleteДараа нь:
Далайг гатлах ухаан чамд бий. Далай гээч нь чи өөрөө юм.