Бид хүмүүс 2

Удаан, удаан, удаан.
   Мэдэхгүй дээ, толгойд энэ л үг орж ирээд байх юм. Магадгүй удаан блогтоо бичлэг нэмээгүй юм байна.
    Нэгэн найзтайгаа юм бичиж байтал "чиний бичдэг зүйлс дандаа л чиний өөрөө өөртэйгөө ярьсан зүйлс байдаг" гэж хэллээ. Би ч хэсэг бодлогоширлоо. Өөрөө өөртэйгөө ярьдаг талбар минь бас блог л доо, блогтоо л түлхүү өөртэйгөө их ярьдаг юм. Ер нь ч тийм юм уу даа. Миний л бодлууд, миний л ярианууд л, миний л бичвэрүүд шүү дээ. Өөрийнхөө л бодсон зүйлүүд минь, үнэндээ тийм юм даа, гавьяа нь ч минийх, гай нь ч минийх гэдэг шиг л. Бичсэн зүйлүүд минь таалагдах хүн гэж байна, таалагдахгүй хүн гэж байна, аль аль нь тухайн бичвэрээсээ шалтгаалдаг нь ч бий. Мэдэхгүй юм даа, чимээгүй уншигчдийг. Юу дотроо хашгиран үлддэгийг.
    Олон зүйлийн тухай бодох заримдаа залхуутай юм. Бодохгүй байх ч утгагүй юм. Зүгээр л, зүгээр л, зүгээр л өөрийнхөөрөө үлдэхийг л хүсч байна.
    Амьдралын аль эсвэл нийгмийн хүмүүст тулгаад байгаад стандартуудаас залхаж байна. Залхаад ч удаж байна дөө. Тархинд минь, аль эсвэл мөн чанарт минь буу тулгаад байгаа "нийгэм"-ийг,"хүмүүс"-ийг, хүмүүсийн гээгдчихсэн, гээгдэж байгаа "чанар"-уудыг л жинхнээсээ буудчихмаар байна.
   Амьдрал яасан их хоосон, яасан их утгагүй, яасан их санаашрал ч юм бэ дээ. Мэдэх юм алга. Дүлий юм шиг л яваад байж болдоггүй юм уу. Бидний өөрсдийнхөө оршихуйнд тунхагласан энэ олон зүйл угтаа юу ч юм бэ. Хэнд ч хэрэгтэй юм, хэний төлөө ч бий болсон юм. Мэдэхгүй. Хүн гэж эцэстээ өөрсдийнхөө бүтээсэн зүйлийнхээ боол нь болсоор л дуусах байх. Толгойтой ч бодож сэтгэхээ больж, мөн чанартай ч түүнээсээ улам холдож, бүдгэрүүлж, сэтгэлтэй ч сүүлдээ бүр сэтгэлгүй юм шиг амьдарсан нь хождог гэх мэтийн утгагүй зүйлсийн, утгагүй үзэл суртлын боол болж дуусаж байна.
   Бид амьдрахаа болиод удаж байна, зүгээр л үнэхээр амьд яваад байх шиг байна. "Би тэр зүг рүү явж байгаа, тэр зүгийг зорилго гэдэг" гээд л бичиг наачихаад явж байгаа төмөр робот шиг л санагдаж байна. Зорилго хүнийг хүн болгодог гэх мэтийн зүйл яриад зорилгынхоо төлөө мөн чанараа золиослоод, таарснаа цавчиж, цавчихгүй бол цавчуулж, өдөр хоногийг чимээгүй дайны талбар мэт өнгөрүүлж байна. Нэг нэгнээсээ айн цэрвэж, бодлоо нуудаг, сэтгэлээ нуудаг, мэдрэмжээ нуудаг, үнэнийг л хэлж болохгүй, за даа, би л болж байвал яахав дээ гэх мэтээр бие биедээ мөснөөс ч хүйтэн хандсаар амьдарч байна. Ийм байдлаар амьдраад удаж байна. Энэний байж байгааг ээ гээд л алагчилж, эсвэл түүн шиг болохсон гэж атаархаж, тэрэнд надаас илүү зүйл байна, эсвэл тэр надаас юугаараа илүү юм гэх мэтчилэн бие биенээ хэмлэсээр л байна. Сайн сайхан явж байгаа нэгнийгээ ерөөх байтугай атаа хорсолт сэтгэл нь дээд цэгтээ хүрч, наагуураа инээж, цаагуураа муу санасаар л. Хүн гэж үнэхээр "зэвүүн" амьтан юм. Зэвүүн л амьтан юм. Зэвүүн байх гэж ч их хичээх юм. Хэн хэндээ мөчөөгөө өгөхгүй, муугаа үзүүлэхгүй, дор орохгүй, болж л өгвөл дээр нь гаргана, гишгэнэ, хэмлэнэ, яаж ч байсан ч шүдээ зууна, харж л байгаарай гээд л, ийм л бодлуудаар дүүрэн хүмүүсийн дунд амьдарч байна. Ийм байгаагаа тэд "би аймар зэвүүн", "би зэвүүн байна уу" гэх мэтээр хүртэл хийрхэх юм. Яасан их солиорол вэ. Ядаж байхад, тэд бие биенийхээ муу бодлыг уншихдаа их сайн. Муу юм бодоогүй байсан ч, бодуулсан болоод бодчихдог. Тэгээд л ахиад л наагуураа инээмсэглэж, цаагуураа хорссоор л. Бодохоос ч аймар юм. Дэндүү хүйтэн юм. Хүмүүсийн энэ бодлуудыг аваад хаячихвал яах бол. Аваад л хаячихмаар байна. "Энэ л надад сайн сайхан зүйл бодож байгаа даа", " энэ яг сайхан зүйл бодсон" гэж бодох хүн даанч алга.
   Хүмүүсийн бусдыг дийлэх гэсэн хүсэл ер нь ямар хэрэгтэй юм бэ? Бусдаасаа бүр харь харигт төрсөн юм шиг болж ялгагдах ямар хэрэгтэй юм бэ? Өөрийгөө Бурхан мэт үзэж, бусдыг л муу гэж харахаа хүн болгон больчихож яагаад болдоггүй юм бэ. Хүн бүхэн л дор бүрнээ өөрсдийгөө мундаг, ухаантай, өөрсдийнхөө хамгийн зөв гэсэн өнцгөөр хараад хэн нь ч хэнийгээ сонсохоо больж, ойлгохоо больж, хүндлэхээ больж байна. Хэлбэрт автсан, үгүй дээ, нийгэм анхнаасаа ийм харалган, хэлбэрт автсан байгаагүй юм. Бид л хэлбэрт "автуулчихсан" юм. Живчихсэн биш, "живүүлчихсэн" юм. Харин бид өөрсдөө түүндээ живж байгаа юм. Амьдралыг өөрсдөө тунгалаг ус мэт байхад нь шалбааг болгочихоод, энэ амьдрал чинь шалбаагтай юм байна ш дээ гэж орилохтой адил. Тэгээд тэр шалбааган дотроо зөвхөн өөрийгөө би цэвэрхэн, би шалбааггүй, бусад нь шалбаагт уначихсан, түүнээс хол бай гэж харж, хорсоцгоож байна. Хүн бүхэн өнөөх аймар лаг "хэлбэрлэг" нийгмийнхээ "төгс хэлбэр нь би мөн" гэж боддог, өөрийгөө өргөмжилж итгэгсдийн хэтэрхий "брендлэгсэг" нийгэмд амьдарч байна. Түүнээс бусад нь "төгс биш зүгээр л хэлбэр", аль эсвэл "хэлбэргүй". Аль эсвэл " байдаг л хүн". Гү ээ нээрээ, ингэхэд "байдаггүй хүн" гэж чухам хаана байсан юм бэ? "Төгс хүн", аль эсвэл "байдаггүй хүн" болох гэсэн хүсэлд хачин их тэмүүлж амьдарч байна, бидний нэг үеийнхэн. Битгий л дээ, битгий, хүнээс "хүн биш" байх хүсэл нь илүү их болоод, хүн шиг байсан нэгнээ хүн шиг байсангүй гэж дүгнээд өөрөө хүн бусаар аашлаад байх юм. Ингээд л бид бие биенийгээ ойлгохгүй байна. Төөрөлдөөд байна. Бид бие биенийхээ хажуухан байж нэгнийгээ олж харахгүй байа. Эцсийн эцэст энэ нийгэм нэг нэгнийгээ огт сонсохгүй байгаа чангаас чанга хашгирагсдаар дүүрч байна. Хүмүүсийн нэрлээд байгаа тэр их ялалтууд үнэхээр "ялалт, амжилт" мөн юм гэж үү. Эцсийн эцэст, хамгийн сүүлд хэн нь хэнийгээ үнэхээр дийлсэн байдаг юм бэ? Эцсийн эцэст бидний хэн нь ч хэнийгээ дийлээгүй л байдаг шүү дээ. Энэ их хэлбэрдсэн, харагдах байдлын төлөөх амьдралыг хэн ингээд хамгийн "агуу" гээд хэлчихэв ээ. Хүмүүс яагаад ийм амьдралыг "сайхан" гээд бодчихов оо. Хүмүүсийн тэр бодлуудыг л бүгдийг нь баллуурдчихмаар байна.
   Цаг хугацаа харвасан сум мэт урсан өнгөрч, бид ч цаг хугацааны нэгэн эргүүлэг болж, бид цаг хугацааг тоолох биш, цаг хугацаа биднийг түүх болгох болно. Цаг хугацаа биднийг мартах болно. Эцэст нь цаг хугацаа ч гэж үгүй болно.
Ингээд л бодохоор, санаа алдахаас өөр зүйл хийж чадахгүй юм.
Хүмүүс бид чинь хичнээн ч тэнэг юм бэ дээ.
Өдөр хоногууд урсан өнгөрөх тусам, хүмүүсийн тэнэглэл л хамгийн ихээр нэмэгдэх байх.

Бид яагаад өөрийнхөө гараар өөрсдийнхөө амьдралыг там болгочихов?

Comments

  1. ай яа яа энэ чинь ёстой дотор минь, дотоодод минь чимээгүй хашгираан үүсгээд хаячихлаа шүү. Хэлбэрлэг нийгмийн хэлбэргүй, эсвэл төгс хэлбэртэнгүүд......

    Уг нь хүн бүр л давтагдашгүй хэлбэртэй, цавчиж хөрөөдөөд тайраад, хасаад нэмээд бүгдийг нь нэг хэлбэрт яаж оруулна вээ. Би ямар хэлбэртэй вэ....

    ReplyDelete
  2. Mundag bichjee. End bichsen zuiluud, ter huuhduudiin haraal helj usuj baigaa talaar bichsen geed l yag l minii bodluudiig delgetsen met sanagdlaaa. Bi boddog yumaa, gehdee ingej blog ene tereer ingej saihan bichij chadahgui l dee chamaig bichij baigaad bayarlalaa. Bas buur ch iluug bicheerei.
    Nemj helehed humuusiig yu ingeeed saihna amidraliin tuluu busdaaas uur bolohiin tuld bie bieneesee dawahiin tuld ursulduud busdiigaa doromjlood baigaa shltgaan ni uls turchid bolow uu daa gej boddog. Ted l iim zuil saihan, tiim zuil barichihwal ta saihan bolno geed l tolgoig ni erguulj orhidog. Tegeed sain saihan zuil gedeg ni tednii yarisan zuil gedegt itgej orhidog. Zarim ni teden shig l bolwol ene amidraliin utga uchir ni biilj baigaa met bodon teden shig bolohiin tuld yuch, buur yu ch hamaagui hiideg. Tednii bidend yaridag saihan amidral ni unaa tereg, ed hurungu, garaa huluu hudluguhguigeer gertee hewtej bai gedeg ni l humuusiig doroituuldag.
    Minii boddog shig humuus bie bienee ed hurungu, umssun zuuseneer ni bish, nasaar ni hundetgen erembelj, unshsan zuileer, meddeg medlegeer ni shutej, busdiig dord uzelgui, uursdiiguu magtan duwiilgulguduggi tiim l niigemd amidrahsan.

    ReplyDelete
  3. Bi ih l zuil boddog. gehdee cham shig bodloo tsaasan deer buulgahdaa muu hun ldee. Chamd amjilt husseye.
    Bichsen zuiluud deer nemj helehed bidnii ene ertuntsiig bid uursduu bish zuwhun ulsiig udirdaj bui hedhen hunii l shiidwereer buteegdej baigaa ertunts. Ted l humuusiig hoorond ni bayan yaduu, saihan muuhai, elit guilgachin gej angilj baigaa humuus. Ted l uls turd yalahiin tuld humuusiin tarhiig muu bodluudaar ugaaj baidag, tegeed tuundee hurdeggui bolohoor tednii ugiig dagagch buyu huuli durmend zahiragdaj bid iim bie bienee yalgaj harsan dotood bodoltoi , nuugdmal humuuseer duursen ertunts uusej baigaa gej bodoj bna. Jishee bi uruunduu ch uuriinhuu husseneer baij boldoggui shdee hehe. Yagaad geheer bid busdiin erheer erhee hyazgaarluuldag humuus!!!

    ReplyDelete
  4. Bi ih l zuil boddog. gehdee cham shig bodloo tsaasan deer buulgahdaa muu hun ldee. Chamd amjilt husseye.
    Bichsen zuiluud deer nemj helehed bidnii ene ertuntsiig bid uursduu bish zuwhun ulsiig udirdaj bui hedhen hunii l shiidwereer buteegdej baigaa ertunts. Ted l humuusiig hoorond ni bayan yaduu, saihan muuhai, elit guilgachin gej angilj baigaa humuus. Ted l uls turd yalahiin tuld humuusiin tarhiig muu bodluudaar ugaaj baidag, tegeed tuundee hurdeggui bolohoor tednii ugiig dagagch buyu huuli durmend zahiragdaj bid iim bie bienee yalgaj harsan dotood bodoltoi , nuugdmal humuuseer duursen ertunts uusej baigaa gej bodoj bna. Jishee bi uruunduu ch uuriinhuu husseneer baij boldoggui shdee hehe. Yagaad geheer bid busdiin erheer erhee hyazgaarluuldag humuus!!!

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts