Бүх зүйл үнс мэт замхрах л болно

 

   Бүх зүйл үнс мэт замхрах л болно.
Харин юу үлдэх бол?
Элс үү, цас уу, үнс нурам уу... эсвэл би юу...
   Одооноос эхлээд, өөрийнхөө тухай бичихгүй. Өнөөх л уйтгартай өөрийнхөө тухай, хааяа өөрөө ч чухам юу гэдгийг нь мэдэхээ больчихдог хачин зүйлийн тухай, "мөн чанар"-ын тухай, бусдын "тэнэглэл"-үүдийн тухай, өөрийнхөө ч тэнэглэлүүдийн тухай, өөртэйгөө ярьдаг эцэс төгсгөлгүй утгагүй яриануудаа, бүгдийг нь болино.
Энд лав бичихгүй.

Хов хоосон гэдэг шиг хоосроод л явчихна, тэгээд л сэтгэлд хөндүүрлэдэг хачин бодлууд, мэдрэмжүүд, хааяахан төрдөг бухимдлууд, зүрхэнд тэмтрэгддэг бүхнийхээ тухай бичихгүй. Бас та нар уншихгүй. Нэг тийм бөгчим ч юм шиг, хүйтэн ч юм шиг, гэнэт зогсчихмоор ч юм шиг. Чи яаж байгаа юм бэ, яах гэж байгаа юм бэ... Хариулахгүй ээ!
   Үй олон эмх цэгцгүй, цэгцлэх гэж оролддог бодлогошролууд, хаашаа ч юм, хаана ч юм чимээгүй нисэлддэгээрэ нисэлдэж, би ч эргэцүүлдэгээрээ эргэцүүлэх л болно. Зогтусмаар ч юм шиг, хоолой багалзуурдаж, гол зурах үгс уруул даваад ирэхэд өөрийн эрхгүй бичиж л таараа л даа. Гэхдээ энд биш!

Ер нь хэнд хамаатай гэж, би бичих юм. Угаасаа хамааруулах гэж ч бичдэггүй.
Эцсийн эцэст юу үлдэнэ гэж, бүх зүйл үнс мэт замхрах л болно. Би ч, чи ч, бид бүгд.

Галзуу хүнийг хүмүүс галзуу л гэдэг.
Огтхон ч эргэлзэхгүйгээр.
Харин би дандаа эргэлздэг.
Тэр биш, жинхнээсээ галзуу нь бид ч юм бил үү.
2012.06.02

Comments

Popular Posts