Ерөөсөө л залгичихья

   Өөртэйгөө ярилцах минь олон боллоо. Ярилцаад л, төөрөөд л, энэ төөрөгдлөөсөө яаж гарахаа мэдэхгүй хэсэг азнаад л, төөрсөн чигээрээ хаашаа ч юм яваад л, заримдаа гэнэт зогсох хэрэгтэйгээ ойлгоод хэсэг зогссон ч ахиад л хаашаа ч юм яараад л, зогсоод л, ярилцаад л, төөрөөд л... Заримдаа зүгээр "төөрсөн" гэдэгээ "мартчихья" зүгээр л "залгичихья" гэж өөртөө хэлээд хаашаа ч юм яваад л, хаана ч юм зогсоод л... "мартсан юм шиг" царайлаад л. Дуугүй царайлсан ч хашгирмаар хүсэл дотор нь оргилсон хэвээрээ!
Заримдаа хаана байгаагаа хүнээс асууя гэж бодсон ч хариулчихмаар хүн төдий олон биш. Асуусан ч тэд ч мөн адил надтай адилхан "төөрөлдөгсөд" гэдгийг олж мэднэ. Ингээд хэн хэндээ зам зааж чадахгүй, хаана байгаагаа ч яг таг мэдэхгүй, ийм өчигдөрүүдийг үй олноор үдэж, ийм маргаашийн өөдөөс "чихээ таглаад, нүдээ боогоод" алхаж байна.
"Чихээ таглаж, нүдээ боож" болдог нь хичнээн их аз завшаан бэ! Ингэж л өөрсдийгөө хуурч амьдардаг нь аль хэдийн бидний араншин болсон мэт. Мэт ч гэж дээ "болчихсон". Ямар их аз завшаан, ямар их худал хуурмаг вэ!

   Тас харанхуйд зогсчихоод гэрэл байгаа гэж өөртөө итгүүлээд л амьдраад байдаг, мөн ч их зориг, мөн ч их тэнэглэл хийгээд хамгийн агуу итгэл найдвар, магадгүй хамгийн хүчтэй тэмцэл... Итгүүлээд л байвал итгээд л байдаг... Төөрдөг байшинд байгаа юм шиг.
   Өмнө нь "Дүүжин даажин" гэдэг бичлэг оруулж байсан санагдана. Одоо бодох нь ээ, бид худал хуурмаг хийгээд үнэний ертөнцөд савлаж нэг, үнэн лүү нэг орж, худал руу нэг орж, үнэнээс нэг зугатаж, худлаас нэг зугатаж амьдардаг юм шиг. Худлыг нэг чичилж, үнэнд нэг чичлүүлж басхүү үнэн амьдрахыг тэмүүлж, худал бүхнийг зэвүүцнэ. Үнэндээ тэр бүхнийхээ дунд өөрөө хаана нь яваагаа ч мэдэхгүй "дүүжин даажин"-д савлаж тоглодог хүүхэд шиг хэрнээ аль хэдийн хүүхэд наснаасаа тэс өөр, хүүхэд байхдаа дуртай том хүмүүс болжээ, бид. Хүүхэд байхдаа дуртай, мөн ч дуртай... Хүүхэд байхдаа харин "том хүн" болох дуртай байсан хүүхдүүд...
Явж явж, мөн чанар гэж юу вэ гэдэг асуултын хариултыг бидний "хүүхэд нас" л хамгийн сайн мэдэх юм шиг.

 
Ps: Уг нь энэ бичлэг их удаан хугацааны дараа оруулж байгаа бичлэг юмсан. Арай өөр бичлэг оруулна гэж бодож байсан юмсан, бодсноосоо бас л өөрийг оруулчихлаа. Яг ямар бичлэг оруулмаар байгаа вэ гэдэгтээ, би яг ямар бичлэг хайгаад байгаа вэ гэдэгтээ ч бас төөрч байж мэднэ. Үгүй бол энэ бичлэг яг миний оруулья гэж бодож байсан бичлэг мөн байна гэж өөртөө итгүүлж болох, нээрээ тийм юм шиг ч санагдаж болох. Гэхдээ тэгж бас өөрийгөө хуурмааргүй байна. Оруулахыг хүссэн бичлэг маань энэ биш.
Нийтлэх үү, байх уу гэж эргэлзэж эргэлзэсний эцэст нийтлэв. Үнэндээ миний оруулахыг хүсэж байгаа бичлэг маань draft дотор маань байж ч мэднэ.
2014.12.28

Comments

Popular Posts