Зураас

   Хамгийн сүүлчийн өгүүлбэрт л цэг тавьмааргүй байна гэх нь амьдралаас ямар ч хамаагүй аргаар зуурч үлдэх гэсэн үг үү. Амьдралын "уяа"наас л яаж ийгээд зуураад үхэхгүйхэн шиг л амьд явах юмсан гэсэн үхлийн тухай "харанхуй" айдас уу. Амьд л явж байвал арга нь олдоно гэж амьд үлдэгсэдийн хэлсэн үг үү? Үхлээс зугтагсдын хэлсэн үг үү? Амьдрах "арга" юм болов уу? Зүгээр л үхлээс "удаан" зугатах арга юм болов уу?

Амьдралд дурлах хэрнээ яг амьдралын нөгөө талд байгаа, аль эсвэл яг өөдөөс нь хараад зогсчихсон үхэлд яагаад хүмүүс дургүй юм бэ. Ер нь, үхэл үнэхээр аймшигтай зүйл юм уу? Үхлээс ч илүү амьдрал илүү аймшигтай ч юм бил үү? Хүүхэд байхаасаа л амьдралыг өрж тоглодог байсан хүмүүс яагаад үхлийг ч бас өрж тоглодоггүй юм бол? Үхлийн цаана юу байгаа бол? Үхлийн цаана ч бас өнөөх горьдлого тасардаггүй амьдрал байгаа болов уу? Хүний найдвар тасардаггүй гэсэн. Үнэн хэрэгтээ, горьдлого л тасарддаггүй эд юм шиг. Үхэхдээ хүртэл тамд л оччихгүй юмсан гэж горьддог. Залуу насандаа ахиад ганцхан очоод яг тэрийг л тэгээд засчих юмсан, тэр үед л тэгсэн бол гээд өнгөрсний төлөө ч үүрд горьддог. Хүлээлт гэдэг мөн л нэг төрлийн горьдлого. Иртэл чинь л би хүлээнэ. Ирэхийг чинь л "горьдоно". Эцэстээ амьдрал хүртэл ганц чихэрэнд л горьдох, горьдсоор байгаад дуусдаг зүгээр л амттай чихэрний төлөөх шунал мэт. Амьдрал гэж зүгээр л нэг амт нь мэдэгдэхгүй чихэрний төлөөх тэмцэл ч байсан юм шиг. Эцэст нь би яах гэж энэ амьдралаа энэ чихэрийг л амтлахад зориулсан юм бол, энэ чихэрний амт горьдож байсан шиг минь тийм амттай байсангүй гэх нь даанч олон. Байдаг л энгийн л нэг хатуу ч юм шиг зөөлөн ч шиг, зажилмаар ч юм шиг, залгимаар ч юм шиг чихэр! Байсан байна. Ямар амттай гэж горьдсон юм бол, ямар амт амтлах гэж ингэтэл их горьдож, ингэтэл удаан тэвчиж, ингэтэл шунасан юм бол? Ингэтэл удаан тэмцсэн юм бол? Унаж, боссон, зүтгэсэн бүхэн минь юуг горьдсоных юм бол? Ердөө л нэг чихэрний төлөө гэж үү? Ердөө л нэг гоё өнгийн цаасаар боосон чихэрний төлөө юм биш байгаа? Чихрэнд хууртсаар байгаад дуусдаг юм биш байгаа? Үнэний тэгтэл нуугаад байсан зүйл нь ердөө л нэг чихэр. Байдаг л чихэр, байдаг л амт, байдаг л нэг хүмүүс, байдаг л нэг хүлээлт, байдаг л нэг харцнууд, горьдлогууд!
Энэ хаалгыг л онгойлгочихвол цаана нь гоё юм байгаа гэж бид үүрд горьддог. Даанч тэр хаалганы цаана юу ч байхгүй. Гэсэн ч горьдлого тасардаггүй. Ахиад энэ л хаалгыг, ахиад ганцхан, энэ удаа л итгэчихье, тэгээд, ахиад ганцхан... Эцэст нь бидний татдаг хаалга бол "үхэл". Даанч үхэл гэдэг хаалганы цаана юу байгаагаас бүгд  айдаг.

Хамгийн сүүлчийнхээ өгүүлбэрт л цэг тавьж сурахад амьдрал биднийг сургадаг бол үхэл гэгч нь ердөө л нэг жижигхэн зураас юм. Харин амьдрал тэрхүү зураасыг зурах бэх нь юм. Үзэг нь юм. Зурах л үлдэх нь! 
2015.01.12

Comments

Popular Posts