Шилжилтийн нас

 

   Ахлах ангид байхад, хүүхэд бүрт тулгардаг нэг зүйл бол "шилжилийн нас" гээч зүйл байлаа. Яг энэ үед хүүхэд, магадгүй, ухаан орж, хорвоо ертөнцтэй үнэнгээсээ танилцаж эхлэх үеийн эхлэх үе байдаг байх. Тэгээд л өнөөх "шилжилтийн нас" нь хямрааж орхидог байх. Өөрийгөө ойлгохгүй байх, бусдыг ойлгохгүй байх, хамаг юм утгагүй санагдах, би гэж хэн бэ, юу вэ, хүмүүс гэж хэн бэ, юу вэ, хүмүүстэй нийлээд би юу болох вэ, хэн болох вэ, хайр дурлал гээч юм гэж бас энэ хорвоо дээр байдаг байсан юм уу гэх мэтчлэн маш олон сонин содон зүйлүүдтэй бага багаар шүргэлцэж эхэлдэг. Тэгээд л, яг энэ үед амьдрал гээч зүйлийг яг яаж харснаараа, ойлгосноороо ч юм уу,  ертөнцийн үзэх үзлийнхээ ядаж талыг нь олоод авчихдаг байх.
За, уг нь бол, ном ёсоор бол, яг энэ бичсний дагуу, өнөөх миний "шилжилтийн нас" маань болоод, өнгөрөөд, дуусчихсан юм, дуусаад бүр удаж ч байна л даа.
Гэтэл яг тэр үе, үнэхээр, өнөөх гайхал "шилжилтийн нас" мөн байсан уу гэж бодоход хүрдэг юм байна. Арай худлаа "шилжилтийн нас" байчихсан юм болов уу. Үнэндээ, миний "шилжилтийн нас" яг одоо л болоод байх шиг.

10 жилээ төгсөж, их сургуулиа төгсөж, үргэлжлүүлэн сурч, ер нь сурсаар л байна. Гэтэл энэ удаад миний сурч байгаа зүйлс арай өөр санагдах болов. 10 жилд сурдгаас өөр, их сургуульд сурдгаас ч бас өөр. Шууд утгаараа бол сурах ёстой номыг нь сурч байгаа л даа, гэтэл өмнө нь зөвхөн номыг нь сураад ойлгоод байдаг байсан бол, одоо бол номноос гадна хажуу хавийн зүйлүүдийг бас сурдаг юм байна гэдгийг сураад байгаа юм.
   Ном бол ертөнцийг харах цонх гээд айлдчихсан байдаг, цонх нь мөн л дөө. Гэтэл энэ хорвоо дэлхий дээр чинь "цонхоор харагддаггүй" зүйлүүд гэж цонхоор харагддагаасаа ч их гэдгийг ойлгоод байна гэх үү дээ. Тэгээд би, өдийг хүртэл, энэ бүхнийг мэдээгүй, ойлгоогүй явснаа гайхаж нэг үзээд, ухаарч, ойлгож нэг үзээд, өөрийгөө тайвшруулж нэг үзээд, тэгээд урагшаа нэг алхаад, хойшоо нэг алхаад, ер нь би өдийг хүртэл "жинхнээсээ алхаж байсан юм болов уу" гэж гайхаж эргэлзэхэд ч хүрэв. Миний бодлоор яг энэ үе миний "шилжилтийн нас" гээч нь мөн байх.

Оюутан болоход амьдрал дөнгөж эхэлж байна гэж хүмүүс ярьдаг байлаа, дараа нь  ихсургуулиа төгсөхөд ч ахиад л амьдрал одоо яг дөнгөж эхэлж байна гэж ярьдгаараа л ярьдаг байлаа, үнэхээр л энэ амьдрал чинь бараг өдөр бүр дөнгөж эхэлдэг юм шиг.
Бид өөрсдийнхөө хэмжээнд л, юмыг хийх өөрийн гэсэн арга барилыг олоод, ертөнцийг харах өөрийн гэсэн өнцөг, байр суурь, ойлголттой болоод, бас ч гэж "шогшуулаад л байх шиг" байдаг юм. Тэгээд л түүнийгээ, өөрийгөө бас ч гэж гайгүй юм ойлгоод, юмны учрыг олоод байна гэж бодоод яваад байтал, ерөөсөө юу ч ойлгоогүй, төсөөлж ч байгаагүй, хэзээ ч бодож байгаагүй, яагаад гэж хэзээ ч асууж байгаагүй зүйлс гээд хорвоотой танилцсан түүх мэт асуултууд өдөр тутмын амьдралд тавигдсаар л байх юм. Уг нь хариулаад яваад байна гэж бодож байтал, сонсож ч байгаагүй асуултууд гараад ирэхээр хүн чинь бас хэсэгтээ л эргүүтдэг юм байна.
Хорвоо дэлхийг бүхлээр нь биш юмаа гэхэд, ядаж мини хувилбараар ойлгоод тэрүүхэн тэндээ аж төрж болдог гээд бодчихсон байтал, хорвоо дэлхий чинь өөрөө мини байх ямар ч боломжгүй юм шиг.


   Хүн харахыг хүссэн зүйлээ л харж, итгэхийг хүссэн зүйлдээ л итгэдэг гэдэг үг бий, зарим тохиолдолд, тийм ээ, энэ үг үнэн. Гэтэл хорвоо дэлхий чинь бидний харцанд багтаад байгаа шигээ жижигхэн биш гэдгийг чи ойлгох л ёстой, хүлээн зөвшөөрөх л ёстой. Чамд харагдаагүй байлаа гээд, алга болчихсон, аль эсвэл байхгүй гэсэн үг биш, энэ бол зугатлаа гээд алга болчихдог зүйл биш байж.

Амьдралд хэзээ ч, бүр хэзээ ч, ямар ч "томьёо" байдаггүй юм байна. Чиний мэдэж байгаа зүйл, өдийг хүртэл сонссон, харсан, уншсан зүйлс, чамайг өдий хүртэл бүтээж, чиний оюун бодлыг бүтээсэн, магадгүй хорвоо ертөнцийн талаарх ойлголтыг бүтээсэн. Ойлголт, тийм ээ, бүр ойлгомжтойгоор концепц, тийм ээ, чиний концепцийг л бүтээсэн. Гэтэл, энэ бол зөвхөн "концепц", өөр юу ч биш, юу ч томьёологдоогүй. Чиний мэдэхгүй концепц, чиний мэддэг концепцээс бүүр хамаагүй их. Үүнд л учир нь байж.

Тэгээд, миний хэлэх гээд байгаа зүйл гэвэл, гуйя, БИТГИЙ ТӨӨРӨЛД. Харахыг хүссэн зүйлээ харж, итгэхийг хүссэн зүйлдээ итгээд л байвал, чи эцэс төгсгөлгүй төөрөгдөх болно. Харахыг хүсээгүй зүйл чинь гараад ирвэл, харахаас өөр аргагүй болвол, чи харахыг хүссэнээ л харна гээд зүтгээд байвал юу болно гэж бодож байна?
Тэгэхээр, өнөөх "шилжилтийн нас" гэдэг чинь, чи, харахыг хүссэн зүйлээ харсаар байж болно, хамаагүй, гэхдээ харахыг  хүсээгүй зүйлдээ хэрхэн бодитоор хандах вэ гэдгийг л эерэгээр, амжилттайгаар ойлгоод, даван туулаад сурчих хэрэгтэй юм байна гэдгийг л ойлгуулж өгдөг юм шиг байгаа юм.

Эцэс төгсгөлгүй далайд сэлээд сурчихлаа гэдэг бол, чи загас болсон гэсэн үг биш.

Comments

Popular Posts