Би өөрөө өөртөө эргэж ирсэн нь



   Би Олон улсын байгууллагад ажиллаж байсан ажлаасаа хугацаанаас нь өмнө гараад аялалд явахаар шийдсэн юм. Үнэндээ бол гадаадад гадаад хүний хувьд ийм ажилд тэнцэж орно гэдэг бол их амаргүй зүйл. Би 3 шатны ярилцлаганд орж, сүүлийн ярилцлагандаа 10 орчим захирлуудын өмнө ярилцлаганд орж, тэнцэж орсон ажил маань л даа уг нь. Тэр нь зөвхөн интерн болохын тулд. Цаашдаа ажиллавал гадаад руу томилолтоор ч явах боломжтой ажил байсан юм. Гэхдээ би тэр газарт ажилласан богинохон хугацаандаа маш их зүйл сурсан. Хүмүүс нь ч үнэхээр мундаг хүмүүс байсан. Олон улсын байгууллага болоод ч тэр үү, үргэлж улс орнуудын мэдээлэл дунд амьдарч байдаг болохоор, тэр маань аялахад маань, аялах талаар бодож үзэх, шийдвэр гаргахад маань их чухал нөлөөлсөн. Би энэ ажилдаа, ажлынхаа хүмүүст олон талаар маш их баярладаг. Надад богинохон хугацаанд маш "чухал" зүйлсийг өгсөн. Тэр бол хаанаас ч худалдаж авч боломжгүй, тийм зүйл байсан. Тиймээс би үргэлж талархах болно.
Энэ шийдвэр маань зарим хүмүүст маш утгагүй, маш тэнэг санагдаж байж болох юм. Гэвч надад огтхон ч тийм шийдвэр байгаагүй юм. Би яг энэ мөчид л яг энэ шийдвэрийг гаргах хэрэгтэй, яг энэ мөчид л би заавал энэ аялалд явахыг хүсч байсан юм. Тэгээд л явсан.

Одоо бодоод байхад, аялалд явж ирснийхээ дараа би өөрөө өөрийгөө анаагагдсныг мэдэрч байна. Магадгүй, "анагаагдах" гэдэг үгнээс өөр оновчтой үг санаанд орж ирэхгүй байна л даа, зүгээр л энэ үг хамгийн оновчтой юм шиг санагдаж байна. Би үнэхээр, тийм ээ, үүний л төлөө явсан. Би хэсэг хугацаанд маш их сэтгэлээр унаж, өөртөө итгэлгүй болж, бүхий л талаар өөрийгөө голж, маш их стресстэй, маш их бухимдалтай, бүх л зүйл маш хэцүү санагдаж, сэтгэл зүйн гутралд орсон байсан л даа. Өөрөө тэрийгээ мэдээд байдаг, гэхдээ яаж засахаа, яавал дээрдэхээ, яавал анагаагдахаа үнэхээр мэдэхгүй байсан. Янз бүрийн зүйл туршиж үзэж, янз бүрийн л аргаар дээрдэхийг, нормал хэвэндээ орохыг маш их хичээж байсан боловч бүр эсрэгээрээ бүх зүйл хэцүү ч юм шиг, улам утгагүй ч юм шиг санагдаж байсан. Хамгийн гол нь би түүнийгээ яг ингээд хүнд ярьдаггүй, ярьж чаддаггүй, гаргаж илэрхийлж бас хүмүүсээс тусламж хүсч төдийлөн чаддаггүй байсан. Хүмүүс надад туслахгүй юм шиг, туслаж чадахгүй юм шиг санагдаж байсан. Би өөртөө туслаж чадахгүй байхад өөр бусад хүн яаж надад туслаж, яаж миний сэтгэлийг засаж чадах билээ гэж бодсон. Тэгээд би өөрөө нэг хэсэгтээ өөрийгөө нийгмийн харилцаанаас тусгаарласан байсан учраас түүнээсээ ч бас гарч чадахгүй байсан. Тэгээд би хүнтэй очоод хэлээд, ярилцаж чадаагүй хэрэг л дээ. Яг үнэндээ бол одоо ч гэсэн ийм хэвээрээ л байгаа л даа.
Хүмүүс тэвчсэн чигээрээ хэр удаан амьдарч чаддагийг би сайн мэдэхгүй л дээ. Магадгүй ихэнх нь маш удаан байх. Харин надад нь энэ утгагүй бас хоосон санагдаж байсан юм. Хоосон зүйл цуурайтах нь их биз дээ. Би хүмүүсийн сүртэй юм, бүх хүмүүс угаасаа л тэгж амьдардаг юм гэсэн үгэнд хамгийн дургүй. Яагаад сүртэй гэж, яагаад тийм байх ёстой гэж.

Тэгээд би янз бүрийн л өөрийгөө аврах зүйлийг эрж хайж, заримдаа цөхөрч байлаа. Нээрээ шүү, өөртөө үнэхээр итгэлгүй болно гэдэг төсөөлснөөс үнэхээр аймар зүйл байсан! Нэг тийм юуг ч хийх итгэлгүй гээд бодохоор аймар байгаа биз дээ, хаана ч гэрэл байхгүй юм шиг, би л энэ орчлон ертөнц дээр надад л багтаж шингэх зай үнэхээр олдохгүй байгаа юм шиг, тэгж санагдаж байсан л даа. Энэ бүхнээс хамгийн аймар нь, хүн өөртөө итгэлгүй болоод ирэхээр амьдрах итгэлгүй болдог юм билээ. Амьдрал тэр чигээрээ утгагүй, хүмүүс худлаа, нийгэм худлаа, би өөрөө надад орших зай олдохгүй. Зүгээр л хэн ч буруугүй, би ч буруугүй, зүгээр л бүх зүйл утгагүй, хоосон. Энэ бүхнээс, үнэндээ, би амьдрах итгэлгүй болохоос их айсан л даа, тэгээд л би зугатах гэхээр зугатах газар олдохгүй байсан, тэр нь их аймар. Гэснээс, нэг зүйлийг онцолж хэлэхэд, хүнд жижигхэн ч хамаагүй урам өгнө гэдэг хүнд үнэхээр чухал зүйл юм билээ. Ямар ч том тусламж, ямар ч гоё сайхан зүйлээс илүү яг дутаж байсан үед нь хүнд урам өгнө гэдэг үнэхээрийн төсөөлж болох хэмжээнээс ч том зүйл юм байна лээ. Хүн үнэхээр урмаар дутдаг юм байна лээ. Тийм ээ, би үнэхээр урмаар дутсан. Сэтгэлийн тэнхээ гэж зүйл байхгүй болчихсон юм шиг байсан. Хүмүүст сайхан л харагддаг байх, сайхан харагдаж байгаагийнхаа ар талд юу туулж, даван туулж, ямар ачаа үүрч явдагийг хүмүүс мэдэхгүй. Яаж тэр хүрснийг ч хүмүүс мэддэггүй, сайхан дуулж явж байгаад л хүрчихлээ гэж боддог, гэвч тийм биш. Үүнийг гэхдээ хүмүүс үнэндээ л бол, ойлгодоггүй юм байна лээ.

   Тэгээд л би зүгээр л явмаар байсан, явсан, явахыг ч хүссэн. Гэхдээ намайг үнэхээр анагааж чадахыг би мэдээгүй л дээ, яг үнэндээ хүлээгээ ч үгүй. Зүгээр л явахаар шийдсэн. Яг үнэндээ зүгээр л өөрийнхөө амьдарч байсан бөөрийнхийнөөс үсрээд гарчихсан юм. Одоо л биш бол явж чадахгүй ч юм шиг санагдсан. Би зүгээр л өдөр тутмын энэ амьдралаасаа гарч, үзээгүй, хараагүй шинэ ертөнцийг олж харахыг хүссэн. Тэгээд бас бага зэрэг зоригтой болохыг л хүссэн. Надад бодогддог юм. Улс үндэстэн, өөр өөр улс гээд, зэргэлдээ улс бүр яг ижил юм шиг хэрнээ бүгд өөр. Адилхан л хүмүүс аж төрж байгаа ч, "сүнс" нь өөр ч гэх юм уу. Зүгээр л тэр өөр "сүнс" бүрийн мөн чанарыг нь бага ч гэсэн мэдрэхийг хүссэн. Тэндээс магадгүй би өөрийнхөө мэдэхгүй намайг аврах зүйлийг олох байх ч гэж бодсон. Тэгээд би одоо байгаагаасаа, өөрийгөө тусгаарлачихсан байдлаасаа гарч чадахгүй байгаагаасаа бага зэрэг л нээлттэй болохыг хүссэн. Миний эрж хайсан зүйл ердөө л энэ байсан. Гэхдээ надад бол ердөө ч ердөө л зүйл биш байсан. Хэдийгээр би одоо ч өөртэйгөө төгс учраа олж чадаагүй ч гэсэн одоо ингээд анзаарахад, би бага ч гэсэн өөрийгөө анагаагдсаныг мэдлээ. Арай бага ч юм уу эмзэглэдэг болсон байна, арай өргөнөөр хардаг болсон байна, харах өнцөг тэлнэ гэдэг шиг ерөнхий бодох сэтгэх өнцөг бага ч гэсэн тэлсэн юм шиг. Арай уужуу хандах тэнхээтэй болсон ч юм уу гэмээр.

Би урам гэдэг нэг зүйлийг нэмж хэлмээр байна. Хүнд урам өгөн гараа сунгах гэдэг бол гараа сунгаад өнгөрөх төдийхөн зүйл биш юм байна лээ. Хэн нэгэнд гараа сунгаснаар тэр хүнд бүхэл бүтэн итгэл гэгч зүйлийг өгдөг юм байна лээ. Шалбарчихсан байгаа шархаа өөрөө хичнээн үлээгээд ч нэмэргүй байхад, хэн нэгэн тэр шархыг үлээж өгөхөд, тэр нь тэр чигээрээ эдгэрчихсэн юм шиг санагддаг юм байна лээ. Тийм болохоор би өмнө нь хэн нэгэнд гар сунгахыг, хүмүүс бие биендээ тусалж л байдаг гэж хардаг байсан бол, одоо өөрөөр боддог болсон. Хүнд яг тэр сунгасан гар ямар их хэрэгтэй байдгийг, тэр сунгасан гараар ямар их дутаж байдгийг ойлгосон болохоор, миний тус ч нээх сүртэй биш байхдаа гэж бодохын оронд сүртэй биш байсан ч би чадах л бол маш жижиг байсан ч зүйлээр туслахыг бодох болсон. Хүнд хүний тус илүүддэггүй юм байна лээ. Ядаж хажуудаа байгаа хүнтэй мэндлээд, инээмсэглэхэд, ганцаараа юм шиг санагдаж яваа нэгэнд урам болох л юм байна лээ. За буцаад орьё.
Ер нь бол, тийм ээ, би арай бага зэрэг өмнөхөө бодвол, арай тайван болсон байна, тайвширсан байна. Сэтгэл минь бага зэрэг засагдсан байна. Энэ үнэндээ надад бол том бас сайхан зүйл шүү. Их дэвшил. Заримдаа хичнээн хүсээд ч олддоггүй тийм зүйл болохоор надад бол том шагнал шиг л санагдаж байна.
Нээрээ би төгсөлтийн баярын өдрөө шууд аялалд явсан. Үнэхээр том шийдвэр байгаа биз, бас их зориг байгаа биз. Зүгээр л ингээд сайхан биччихсэн сайхан боллоо. За тэгээд, амьдралын сайхан зүйлст талархая, бас дахин талархаж байя. Өөрсдийнхөө дотор байдаг "дулаан" илчээ битгий алдаарай. Тэр илч байдаг болохоор бид амьд байдаг ч байж магадгүй шүү.


                                                                    Балигийн далайн эрэг
/Үнэхээр үзэсгэлэнтэй байгаа биз? Хараад зүгээр л тайвширмаар байгаа биз? Бид тайвширах эрч чөлөөг зөвхөн өөрсдөдөө л өгч чадна. /


PS: Блогтоо маш удаан бичлэг оруулаагүй байна. Блог минь хааяа нэг орох болгонд яг л хэвээрээ "өө чи ирээ юу?" гэсэн шиг нэг л янзаараа, хэвээрээ байж байх нь сайхан юм. Юу ч өөрчлөгдөөгүй, миний тавьсан зүйл миний тавьсан байрандаа, тэгээд хамгийн гол нь би өөрөө энэ дотор "оршиж" байх юм. Тэгээд хааяа өөрийгөө нээж харчихаад буцаагаад хийчихэж байгаа юм шиг, гэхдээ үнэндээ энэ дотроос өөрийгөө олоод гардаг ч юм шиг. Эсвэл өөртөө нэг хүрчихээд, тэмтэрчихээд гардаг юм шиг.
Яг үнэндээ бол би энэ бичлвэрийг facebook-ийн зураган дээрээ description-ээр оруулсан юм. Гэтэл энэ бичлэг яг энд л байх ёстой, байх ёстой газар нь энэ юм шиг. Тэгээд би зүгээр л байранд нь авчирж тавьсан юм.
Яагаад гэвэл, энд, энэ бичвэр дотор "би өөрөө" байгаа. Тэгээд л тэр. Хэрвээ анзаарсан бол, энэний өмнөх бичвэрээс өмнө хэсэг хугацаанд огт бичвэр оруулаагүй байж байгаад, харин энэ бичвэрийг оруулж байна. Магадгүй энэ бичвэрийн яг өмнөх бичвэрийн хариулт нь, эдгэрэл нь энэ бичвэр юм шиг санагдаж байна. Өмнөх бичлэгийн эдгэрэл нь энэ бичлэг болж байх шиг байна. Иймд би тун баяртай байна. Энэ хүрэх гэж, энэ эдгэрлийг олж авах гэж их хичээсэн шүү дээ. Бас ч гэж их удлаа шүү дээ. Гэхдээ яг одоо би өөрийнхөө мэдэрч байгаа "эдгэрэл"-ийг олж авсандаа, бас хүрч чадсандаа үнэхээр их баяртай байна. Бас оюун санааны хувьд хамгийн эрүүл, хамгийн тайван байна. Энэ бүхэнд талархаж байна.

Comments

Popular Posts