Үүнээс цааш би хүчирхэг баймааргүй байна


   Хүн гэдэг, хүн байна гэдэг өдөр бүр амьдралд "суралцсаар" байдаг үйл явц юм байна. Үүнийг өөрөө том болоод ойлгов. Өдийг хүртэл амьдралд мастер болсон хүн гэж байдаггүй юм байна шүү дээ. /Ямар гайхмаар юм бэ./

Бид бүгдээрээ л жаахан хүүхэд байхдаа, том хүмүүсийг хараад, тэд амьдралыг мэддэг байхдаа гэж боддог байсан. Тэд бидний мэдэх юмыг мэддэг, чадахгүй зүйлийг чаддаг, бидэнд заадаг, тэд яг л амьдраад сурчихсан юм шиг харагддаг байсан. Амьдралын учрыг ойлгоод, амьдраад сурчихсан "том хүн". Гэтэл бид өнөөх "том хүн" гэдэг холын юм шиг, бүр төгс ч гэмээр юм шиг энэ ойлголтынхоо, яг тэр хил хязгаарт нь аль хэдийн ирээд зогсчихсон байгаа гэхээр итгэмээргүй ч юм шиг. Алив, тэгээд би чинь том хүн боллоо шүү дээ. Би амьдралыг мэддэг болсон уу?
Амьдрал гэж тэгээд юу болж таарав, хүн яах гэж амьдардаг болж таарав, би өдийг хүртэл амьдрахдаа юуг сурсан бэ, юуг сураагүй вэ, юуг сурах ёстой байсан бэ, хүн гэж эцэстээ хэрхэн амьдрах ёстой, яавал би зөв амьдарч, яавал би утга учиртай амьдарсан болох юм бэ, хүн гэж, би бүхэн ямар хувь тавилантай бүтээгдсэн, ер нь бид ямар гээчийн амьтаны аймагийн төрөл зүйл байсан юм бол оо? Бидний оршихуйд яагаад утга учир гэж байдаг, үнэ цэнэ гэж байдаг, үнэн гэж байдаг, бидэнд яагаад зүрх сэтгэл гэж байдаг, тэр яг ямар үүрэгтэй вэ гээд. Үүний зэрэгцээ яагаад худал хуурмаг гэж байдаг, яагаад бид төөрөлддөг, яагаад бид алддаг, хүн гэж ер нь юу юм бэ? Бид эдгээр үй түмэн асуултандаа хариулт олсон билүү? Олох билүү? Өнөөх бидний багадаа, хардаг байсан тэр "том хүн" гээч чинь идеаль хүн л байсан юм уу? Бид үнэндээ, хэзээ ч том болдоггүй юм уу?

Үнэндээ, миний ярих сэдэв эдгээр хүний оршихуйн талаарх ерөнхий сэдэв бол биш байлаа. Харин яг одоо байгаа би, магадгүй яг одоо зогсож байгаа энэ цэг дээрээс, хүн гэж яг ямраар байх ёстой амьд биет юм бол оо?
Удаан хугацааны сэтгэл гутралыг туулж үзлээ, удаан хугацааны өөртөө итгэлгүй байдал, нийгмээс өөрийгөө тусгаарлалт, өөрийгөө ойлгох гэж хичээсэн тэмцэл, зөрчил гээд олон зүйлийг мэдэрч, туулж, заримыг нь давж, заримаас нь зугатаж үзлээ.
Ажиглаад байхад, хүмүүсийн бие биенээ магадгүй сул дорой болсон үед хэлдэг хамгийн түгээмэл үг, ойлголт юу вэ? Тэр ойлголт нь "хүчирхэг бай" гэдэг ойлголт юм байна. Бас л нэг идеаль ойлголт. Та нар интернетээр дүүрэн хэрхэн хүчирхэг байх вэ, хэрхэн хүчирхэг хүн шиг харагдах вэ, хүчирхэг болохыг тулд яах хэрэгтэй вэ, ямар зан чанар хүчирхэг болгох вэ, хүчирхэг хүмүүс юу хийдэг вэ, юу хийдэггүй вэ гэх мэт олон нийтлэлийг уншиж болно. Ямар ч байсан бид хүчирхэг байх ёстой юм уу?

Тэгээд асуулт байна. "Том хүн гэдэг нь хүчирхэг байх ёстой юм уу?" гэж. За "том хүн"-ээ ч больчихьё. Хүн ер нь хүчирхэг байх ёстой юм уу? Тэгвэл бид мундаг байна гэсэн үг үү?
Энэ хүчирхэг гэдэг ойлголт чинь яг ямар ойлголт юм бэ? Бидний зарим сайн сайхан, бусдыгаа лаг гэж хардаг зарим ойлголт чинь яг ямар ойлголт юм бэ? Яагаад бид нэгнийгээ ойлголтон дотор хайрцаглачихдаг билээ?

Тэгээд хүчтэй хүн гэж ямар хүн юм бэ? Хүчтэй хүн уйлдаггүй байх ёстой юм уу? Хүчтэй хүн сэтгэлээр унасанаа бусдаас нуугаад, ганцаараа нулимсаа арччихаад юу ч болоогүй юм шиг цаашаа алхдаг хүнийг хэлдэг юм уу? Хүчтэй хүн гэж бусдаас туслаач гэж хэлэх эрхгүй хүн юм уу? Хүчтэй хүн гэж ганцаараа бүхнээ дотогшоогоо залгих ёстой хүн юм уу? Хүчтэй хүн гэж шийдвэр гаргахдаа эргэж хардаггүй байх ёстой юм уу? Хүчтэй хүн гэж бүдэрдэггүй хүнийг хэлдэг юм уу? Хүчтэй хүн гэж дотроо л хашгирдаг хүнийг хэлдэг юм уу? Хүчтэй хүн гэж рациональ хүн л байх боломжтой хүн юм уу? Хүчтэй хүн гэж ганцаардмал хүн юм уу? Хүчирхэг байна гэдэг чинь тэгээд хатуу байх тухай л ойлголт юм уу?

Та хатуу бай, хангалттай хатуу бай, эсвэл та хангалттай хатуу байсангүй, тэгвэл би хүчтэй хүн болох юм болов уу? Би хэр хатуу байж байж, хүчирхэг болох вэ? Эмзэглэсэн ч эмзэглээгүй юм шиг байх нь хүчирхэг байх юм уу? Эмзэглэлээ ч үл тоох нь хүчирхэг байх юм уу?
Тэгвэл хатуу байх нь эзнээ өвтгөдөггүй гэж үү? Өрөөлийг ч өвтгөдөг бишсэн билүү? Тэгвэл яаж өөр өөрийгөө өвтгөчихөөд, бусдыг өвтгөчихөөд бид хүчирхэг байх юм бэ? Тэгэн байж, хүчирхэг байх хэрэгтэй юм уу?

Яагаад бид зөвхөн хүчтэй байснаараа л амьд үлддэг гэж. Бид зүгээр л хүн байснаараа амьд байдаг биш билүү. Хааяа сул дорой болохоор, хааяа бүдэрдэг болохоор, хааяа итгэл алддаг болохоор, хааяа ганцаарддаг болохоор, хааяа шантардаг болохоор, хааяа зүгээр л хүчтэй баймааргүй санагдах үе бидэнд гардаггүй гэж үү. Хааяа зүгээр л буугаад өгчихмөөр санагддаггүй гэж үү. Хаалгаа хаагаад, хөшгөө татаад өдөржин бүгмээр санагдах мэдрэмж ч биднийг амьд байлгах "хүчтэй" мэдрэмж биш билүү.


Бид яагаад нийгмийн гаргаад тавьчихсан стандартыг хүн бүхэнд тулгаад байгаа юм бэ. Та мундаг бай, мундаг харагдахын тулд тэг, мундаг хүмүүсийн хийдэг үйлдэл, хүчирхэг хүмүүсийн хийдэг үйлдэл, та энэ үйлдлүүдийг хийдэггүй бол та маруухан хүн юм. Та хангалттай хүчирхэг биш юм.
Яагаад нийгэмд ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн, нэг супер загвар гаргаж ирчихээд, орчин үеийн кодлогдчихсон юм шиг нийгмийн кодлогдчихсон юм шиг хүн болгоод байгаа юм бэ? Яагаад тэр загвараа хүн бүрт тулгаад байгаа юм бэ?Хүчтэй байхын тулд өөрөөсөө хүчирхэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл, сул дорой хүмүүстэй битгий нийл. Энэ ямар аймар үг вэ. Бид нэгнийгээ  яг ямар хэмжүүрээр ангал хавцал руу түлхээд байгаа юм бэ. Бид нэгнийгээ яг ямар хэмжүүрээр үнэлээд байгаа юм бэ. Бидний нэгнийгээ хэмжих хэмжүүр яагаад ийм харгис болчихсон юм бэ?

Бид ямар итгэл үнэмшлээр амьдардаг болчихсон юм бэ?


Бид нийгэмд амьд үлдэхийн тулд хүчирхэг байхаас өөр, хатуу байхаас сонголтгүй болсон нь яг хэний сонголт байсан юм бэ? Яагаад бид энэ ертөнцийг зөөллөхийн оронд, илүү хурц иртэй болгож хурцладаг болчихсон юм бэ? Бид одоогийх шигээ сургаал номлолоор явбал яаж бид энэ хорвоо ертөнцийг зөөллөх юм бэ? Хэзээ бид зүрх сэтгэлдээ энх тайванг бий болгох юм бэ.
Бид энэ харгис хатуу нийгэмд, улам харгис хатуу болсоор байвал улам л аймшигтай биш гэж  үү.

Бүгдээрээ нэг ухраад, заавал мундаг байхаа болиод, заавал алдар нэр хөөхөө болиод, заавал бусдад тахин шүтэгдэхгүйгээр бусдын үнэлэмжээр эго-гоо хооллохоо больцгооё. Заримынх нь эго нь хий хоосон үгээр цадсан байхад, заримынх нь үнэн үгээр цангаж явна.
Бүгдээрээ нэг ухраад, зүгээр л байгаа чигээрээ үзэн ядагдаж, бас хайрлагдаж амьдарч болохгүй гэж үү?

Comments

Popular Posts