Өглөө бүр "өөрийгөө л" олж сонсохыг хүсдэг.

1.
   Өглөө. Дуусдаггүй өглөө, аль эсвэл өчигдөр. Өглөөг "өчигдөр" гэвэл зохилтой ч байж мэднэ. Заримдаа хүлээдэг өглөө. Хүсдэг өглөө. Мөрөөддөг өглөө. Заримдаа залхдаг өглөө. Зугатдаг өглөө. Цонхийсон өглөө. Өглөөнүүд. Багш шиг өглөө. Сурагч шиг өглөө.
2.
   Нам гүм. Өглөөнөөс өөр юу ч сонсогдохгүй байна. Өглөө бүр "өөрийгөө л" олж сонсохыг хүсдэг. Гэвч. Заримдаа ганцхан "өглөө л" сонсогдох юм. Амьдрал юм байлгүй. Өөрөөс минь холдуулж орхидог, өөдгүй өглөө. Өөрийг минь л амьд гэдгийг мэдрүүлдэг, амьсгалдаг өглөө. Амьдрал гэж "өглөөгөөр л" эхэлсэн байх.
3.
  Би юм. Би л "өглөө" гэгч нь юм. Амьдрал л угтаа "өглөө" юм. Одоо юм. Үргэлжлэл юм. Төгсгөл юм. Шог гэгч илэрхийлвэл өглөө бол тахианы "бахархал" юм. Амьдрал бол тэнэгүүдийн "бардамнал" юм ч гэж хөрвүүлж болох. Эгээтэй амьдрал бол ухаантнуудын "эмгэнэл" ч байж мэдэх. Ийм л өглөө. Ийм л амьдрал. Ийм л би. Ийм л хүмүүс. Бахархалтай юм. Эмгэнэлтэй ч  юм. Туйл юм. Бүдэг бадаг юм.
4.
  Өдрийн нарыг өглөө л залгиж орхидог. Аль эсвэл зүлгэж орхидог. Бүүдгэр өглөө бүдэгхэн өнөөдрийг л амилуулдаг. Гэрэлтэй өглөө цэлмэг өнөөдрийг үргэлжлүүлдэг. Яаж эхлэнэ, түүн шигээ дуусна. Хүмүүний мөн чанар ч адил. Мөн чанар гэдэг баллуурдаагүй байхад өөрөө бүдгэрч эхэлдэг. Бүдгэрүүлж орхидог. Тэгээд тодруулах гэхээр зориг нь ч юм уу,  аль эсвэл итгэл нь хүрдэггүй. Харин тодорч эхлэх юм бол хадгалж үлдээх нь л юу юунаас, магадгүй маргаашийн өглөөнөөс ч илүү чухал. Амьдралын утга гэж л энэ байх. Мөн чанарыг гээчийг тодруулах нь л зогсоол юм!
5.
   Өглөө бүхэн түүх болж үргэлжилддэггүй. Амьдрал бүхэн мөн чанарлаг оршихуй байдаггүй.
Өглөө. Амьдрал. Цонхны цаана өглөө сэрж л байдаг. Цонхны наана ч өглөө сэрж л байдаг. Унтаж байгаа өглөө.

Гэгээн өглөө бүхэнд зориулав.
2012.07.17

Comments

Popular Posts