Алдагдсан ёс зүй

   Бид ёс зүйг нэг нэгнээсээ хайдаг. Олно байх гэж найддаг. Гэхдээ бид хайгаад байгаа зүйлээ яг вэ гэдгийг мэддэггүй. Гэхдээ хайдаг. Би яг юуг олчихвол ёс зүйг олчихлоо гэж үзэх вэ? Миний хайгаад байгаа ёс зүй гэж яг юу вэ? Миний хайгаад байгаа зүйл надад өөрт маань байгаа юу? Бусдыг шүүж, бусдаас асуух эрх надад өөрт минь байгаа юу?
   Ёс зүй гэж өөрөө их том үг юм. Гэхдээ яг сонсогдож байгаа шигээ тийм холын зүйл болов уу? Ёс зүйг би өөрөөсөө, хэн нэгнээс, хүн бүхнээс харж, асууж, хайж болно. Тэгэхээр ёс зүй хүн бүхэнд байдаг болж таарч байна. Надаас ч, чамаас ч, хэнээс ч асууж болох учраас. Тэгвэл ёс зүй гэж их энгийн болж таарах нь. Иймээс ёс зүй бол маш энгийн зүйл гээд хэлчихэж болж байна.
   Нийгмийг нийгэм биш болгож байгаа, хүнийг хүн биш болгож байгаа зүйл бол "ёс зүйгээс дүрвэлт" юм. Нэг бол ёс зүйг үнэхээр огт мэддэггүйдээ ч юм уу, эсвэл мэддэг ч мэдээгүй царайлдагдаа ч юм уу, ёсвэл бүр ёс зүй гэж зүйл огт хамаагүй гэж боддогийнх ч юм уу, хүмүүс ёс зүйгээс дүрвэж байна. Тэгээд ёс зүйгээс дүрвээд юу хожсон бэ? Ашиг. Ашиг оллоо. Юу болсон бэ? Хүний "үнэт чанар, үнэ цэнэ" гэдэг зүйлээ алдлаа. "Хүн" өөрийнхөө үнэт чанарыг алдчих юм бол хүн байх хэрэг ер нь байна уу? Ингээд л хүн хүнээсээ дурвэсэн, хүн өөрөөсөө дүрвэсэн, хүн хүнээ байсан, мөн чанараа алдсан зүгээр л нэг мануухай ч юм уу, ямар нэгэн хүн дүрстэй, хүнтэй төстэй өөр зүйл ч юм шиг болчихсон. Тэгээд хоорондоо бие биенээсээ давах гэж, бие биенээсээ илүү гарах гэж, бие биенийхээ дээр гарах гэж, бие биендээ гоё л харагдах гэж амьдардаг болсон. Ийм нийгмийг, ийм уур амьсгалыг, ийм төөрөгдлийг бид өөрсдөө бий болгосон. Хамгийн аймар нь одоо хэн ч энэ аймшигтай төөрөгдлөөс гарч чадахгүй, гарах хаалгыг олохгүй байна.
   Хүмүүс төөрөлджээ. Өтгөн ойд ч юм уу, өндөр барилган дунд ч юм уу. Эсвэл зүгээр л өөрийнхөө шуналан дотор төөрөлдчихөж. Гаднаасаа гоё харагдаж, гялтганадаг зүйлд л нүдээ ухаад өгчихөж. Ердөө л бид нарын гарах гарцгүй болчихсөн төөрдөг байшин бол "гадна талын гоё сайхан байдал, хэлбэр". Тэр гоё сайхан байдал, хэлбэр нь юу ч байж болно. Эрх мэдэл, гоё чамин зүйл гээд л нүд хуурч болох бүхэн. Гадна талаа өнгөлөөд л, арчаад л , зүлгээд л байсан, тэгээд яасан гэхээр хичнээн арчиж зүлгээд ч сэтгэл нь ханахгүй байсан. Нэг л зүйл дутуу байгаад, тэгээд улам л илүү гоё зүйлийг хайх болсон.  Илүү гоё зүйл олсон ч бас л ханаагүй. Ахиад хайсан, олсон, бас л ханаагүй. Ердөө энэ зүйл л үргэлжлээд, эргэлдээд, тойроод байгаа юм. Тэгвэл асуулт. Яагаад ханаагүй вэ? Гоё ганган зүйл хайсан, олсон. Олсон юм чинь ханах ёстой биз дээ? Гэтэл ханаагүй. Яагаад гэвэл хайсан зүйл нь гоё ганган зүйл биш байсанд л байгаа юм. Өндөр эрх мэдэлтэй л болчихвол аз жаргалтай болчих юм шиг санагдаад байсан. Өндөр эрх мэдэлтэй болсон. Гэхдээ аз жаргалтай болоогүй. Хайж байсан зүйл нь өндөр эрх мэдэл биш байсанд л байгаа юм. Гоё ганган, гадна талын зүйл бол зөвхөн нүдийг нь л хуурч байсан. Сэтгэлийг нь хуурахгүй байсан. Гэхдээ хүний хамгийн тэнэг зүйл нь гоё ганган зүйл сэтгэлийг нь дүүргэхгүй юм байна гэдгийг одоо хүртэл ойлгоогүйд байгаа юм. Тийм учраас төөрдөг байшиндаа төөрсөөр л байгаа. Энэ төөрдөг байшинд төөрч байгаагийнхаа төлөөсөнд хүмүүс ёс зүйгүй болж эхэлсэн. Үүнийхээ төлөөсөд хүн гэж амьтан "хүнлэг" байх чанараа, "хүн байх чанар"-аа гээчихсэн. Орчин үеийн хэллэгээр, хүмүүсийн ярьдагаар "лаг" харагдаж байвал, эрх мэдэлтэй болж байвал тэр ёс зүй ер нь ямар хамаатай юм бэ? Тийм юмаар юугаа хийх юм бэ?
   Ёс зүй бол биднийг өөр хэн нэгний өмнө биш өөрийнхөө өмнө "хүн шиг" байлгадаг зүйл. Хүний өмнө, хүнд таалагдах гэж жүжиглэдэг биш өөрийнхөө өмнө, өөртөө үнэ цэнэтэй байх гэж баримталдаг зүйл. Хэн ч надаас шаардаагүй байхад би худлаа хэлдэггүй, хүн хуурдаггүй зүйл. Хэн ч надаас шаардаагүй байхад би шударга байдаг тэр зүйл. Тэгэхээр ёс зүй гэдэг бол хүн өөрийгөө хэрхэн үнэлдэгээс хамаарах зүйл болж таарч байна. Өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж ямар байна вэ гэдгээс хамаараад би худлаа ярих уу, үгүй юу, би шударга бус зүйл хийх үү, хийхгүй юу гэдэгээ шийднэ гэсэн үг. Тэрэндээ таарсан үйлдийг л хийнэ гэсэн үг.
Худлаа ярьдаг хүн "би худлаа ярьдаггүй" гэж нүдээ цавчилгүйгээр хэлж байвал тэнд үнэн гэж яриад яах билээ. Ядаж хоолойд нь ямар нэгэн юм тээглэх байлгүй дээ. Ёс зүй гэж үүнийг л хэлээд байгаа юм.
Хүн хуурч болох бүхнийг хуурсан. Харин өөрийгөө хэзээ ч үгүй. Яагаад ч.
Бид хэн нэгнээс ёс зүйг хайж болох ч, хамгийн түрүүнд өөрөөсөө хайх нь жинхэнэ ёс зүй юм.
Учир нь ёс зүй бол хүнд гайхуулж харуулдаг зүйл биш,
харин өөр хүнд харагдахгүй газар хадгалж, арчлан торддог зүйл юм.

Comments

Popular Posts