Завгүй байх зуураа ертөнцийн түмэн зүйлийг бясалгасан хэвээр байх нь тэгээд хоосон чанар бол арай биш байх



Арай л урт гарчиг уу. Гэхдээ ингэж бичмээр байгаа юм чинь бичиж л орхиё.

   Хүн гэдэг уг нь бол ухаантай амьтан гэгддэг. Бусад амьтадаас ялгагдах онцлог шинж чанар бол тэд "оюун ухаантай". Яг үнэндээ бусад амьтдыг үнэхээр оюун ухаангүй юу гэдэг эргэлзмээр, тэр ч бүү хэл, биднээс ч илүү ухаантай юм билүү, та нар яаж мэдэж байгаа юм.
Тэр тийм байдаг юм байж. Тэгээд бид үнэхээр тийм лаг оюун ухаантай нь үнэн юм уу? За бодьё. Оюун ухаан яах гэж байдаг вэ? За, сэтгэн бодох гэж байдаг. За тэгвэл бид юуны тулд сэтгэн боддог вэ? Үүний хариулт бага зэрэг төвөгтэй болж ирнэ. Хүн бол өөртэйгөө адил төстэй оюун ухаантай хүний "нийгэм"-д амьдардаг. "Хүний буюу хүмүүсийн нийгэм"-д амьдардаг. Тэгээд юуны тулд сэтгэн боддог вэ гэж үү? Өнөөх нийгэмдээ зохицож буюу бусадтайгаа зохицож амьдарч, нааш цааш болохын тулд. За бараг, уян налархай байхын тулд юм уу.

За, бид эрт дээр үед оюун ухаанаа хангалттай ашигладаггүй байжээ. Оюун ухаан зөвхөн ан ав хийх, хоол ундаа олж идэх, сүргээрээ байх, бага багаар төрөл бүрийн зэвсэг хэрэглэж эхлэх, хийж эхлэх гэх мэт. Тэгээд цааш хөгжсөн. Тэгээд өнөө цагийн үед бид оюун ухаанаа байж болохоороо хамгийн дээд түвшинд хөгжүүлсээр байгаад энэ үед иржээ. За бараг л бидэнд одоо хийж чадахгүй зүйл алга. Хүний оюун ухаанд багтсан зүйлс ихэнх нь бодит болжээ. Бид үнэхээр "ухаантай" байж чаджээ.
За тэгээд, бид ухаантай юм байна. Бид хөгжил, бүтээл зэргийг бий болгож чадаж. Тэгвэл бид одоог хүртэл юуг бий болгож хэзээ ч чадаагүй вэ? Энэ бол "ойлголцол". Хичнээн оюун ухаантай ч, хувь хувьдаа, тус тусдаа оюун ухаантай бидний хувьд "ойлголцол" гэдэг зүйл нь бидний оюун ухаанд багтдаггүй зүйл юм болов уу?
Ойлголцолыг бий болгож чадахгүй байгаа гэдгийг чи яаж мэдэж байгаа юм бэ гэж үү? Нийгмийн нэг яаж ч болдоггүй онцлог байдаг, хамгийн ярвигтай нь. Тэр бол зөрчил. Зөрчил хэзээд байсаар байсан, бас байх ч болно. Тэгээд бид энэ оюун ухаанаараа барагтай л бол шийдэж чадахгүй.
За буцья. Тэгээд өнөөх сэтгэн бодох чадвар маань энэ гайхал зөрчлийг шийдвэрлэхэд яагаад тийм ч хангалттай ажиллаж чаддагүй юм бол оо? Эсвэл бид ажиллуулж чадахгүй байна уу? Эсвэл бид бусдыг ойлгох тал дээр яагаад эвдэрчихсэн радио шиг болчихдог юм бэ. Пажигнаад л таг болчихно, бидний нийгмийн харилцаа нэг иймэрхүү шүү дээ.
Энэ зөрчил хийгээд ойлголцол яагаад чухал вэ гэж үү?

За, нөгөө талд бидэнд "сэтгэл" гэгч хэнд ч захирагддаггүй нэг хараат бус вант улс оршин тогтнож, үргэлж өөрийнхөө тусгаар тогтнолыг зарлан тунхаглаж байдаг билээ. Түүний үүрэг бол "ойлгох, ойлгуулах, ойлголцох". Ямар ч байсан ойлгох гэсэн функцтэй холбоотой бүхий л зүйлс. Гэтэл түүний үйл ажиллагаанд өнөөх оюун ухаан нээх их дэм болж чадахгүй, хамтран оршсоор л байдаг. Бидний сэтгэл зүй гэгч их эмзэг, хямрахдаа амархан. Торгоор бол хамгийн үнэтэй хэрнээ хамгийн нимгэн, хамгийн их арчилгаа шаарддаг торго л гэсэн үг. Хатуу хүрвэл урагдаж цоороод, хэт зөөлөн хүрвэл үрчийж гэмтэнэ.
Тэгээд энэ бүхнийг чадагч оюун ухаан гээч зүйл хэрвээ бүгдийг шийдэж чаддаг байсан бол сэтгэл зүйг ч бас шийдэж чаддаг баймаар. Гэтэл тийм биш. Сэтгэл хэний ч үгэнд орохгүй, тэр бол түүний онцлог нь юм чинь. Харин оюун ухаан бол шийдэх гэж дайрдаг. Тэгээд яахав дээ, энэ хоёрын дунд дайн болно.

За тэгээд, миний энэ бичвэр бичсэний шалтгаан гэж үү. Яг үнэндээ ямар ч шалтгаангүй л дээ. Зүгээр л, ухаантай бай гэж хэлэх гээд!

Бидний ноён нуруу хаана хугардаг вэ гэдэг шиг л.
Бидний оюун ухаан хаана нуран унадаг вэ?

Comments

Popular Posts