Нурсан балгас



   Ядаж, өөртөө зүгээр л бусдаас нуулгүйгээр санаа алдах эрхийг өгчихье, тэгэх үү.
Тийм ээ, би хүлээн зөвшөөрч байна. Одоо үүнээс цааш надад тэмцэх хүч чадал, алга. Би бууж өглөө. Би хүчтэй байх гэж их хичээлээ. Би юу ч болоогүй юм шиг, жаргалтай юм шиг царайлах гэж их хичээлээ. Харцаа эгц, нуруугаа цэх байлгах гэж их хичээлээ. Инээмээр зүйл юу ч болоогүй байхад инээмсэглэх гэж их хичээлээ. Одоо больё тэгэх үү. Би зүгээр л ингээд үнэнээ хэлчихье, тэгэх үү. Хэцүү биш юм шиг царайлах хэцүү байна. Юу ч тоохгүй байгаа юм шиг царайлах хэцүү байна. Өөрийгөө сул доройгоор мэдрэх ч хэцүү байна, үүнийгээ давж гарах гэж хамаг чадлаараа хичээх ч хэцүү байна.

Битгий надаас хатуу чанга байхыг, хүчтэй байхыг шаардаад бай л даа, хүмүүс ээ. Би чадахаараа хичээж байна шүү дээ, үүнээс би яах хэрэгтэй юм бэ.
Яагаад миний зүрх сэтгэлийг ийм төвөгтэй болгоод байгаа юм бэ. Яагаад намайг зүгээр л юу бодохгүй тайван байлгачихаж болохгүй байгаа юм бэ. Яагаад эргэлздэггүй зүйлд минь эргэлзүүлэхэд хүргэсэн юм бэ? Та нар надад юу хийчих вэ. Би та нарт юу хийчих вэ.
Яагаад нүдээ аниад бодоход, бүх зүйлийг минь ийм төвөгтэй болгочихов оо. Яагаад ингэж итгэлгүй болгож байгаа юм бэ.
Би үнэнээ хэлье. Би нураад уначихсан, одоо надаас гоё байшин байхыг, нураагүй юм шиг байхыг битгий шаардаач дээ, одоо надаас гял цал байхыг битгий шаардаач дээ, миний байгаа маань энэ шүү дээ.
Би чадахгүй байна, ухаантай байж чадахгүй байна, тэвчээртэй байж ч чадахгүй байна, хатуу чанга байж ч чадахгүй байна. Би чинь хад чулуу биш шүү дээ, одоо надаас хад чулуу шиг байхыг шаардахаа болиоч дээ. Бүх насаараа хад чулуу шиг байж, өөрийгөө хад чулуу болгож амьдарлаа. Одоо больё, тэгэх үү. Би залхаж байна, би ядарч байна, би туйлдаж байна.
Би нурчихсан.

Facebook-д минь 2000 найз байгаа ч биччих нэг ч найз алга, үнэхээр хэн нэгэнтэй ярьмаар санагдахад хоолой зурахад залгачих нэг ч хүн алга.
Би цагаан далбагаа өргөлөө, би бол өчүүхэн сул дорой хүн. Надаас хэн ч битгий хүчтэй байхыг шаардаад бай.

Comments

Popular Posts