Цонхоо хаахсан.
Харанхуй өрөөн дотор гав ганцаархнаа зөвхөн ийм л дуу хоолой, ийм л үгсийг сонсож байна гээд төсөөл дөө. Үнэхээр аймшигтай, үнэхээр хүйтэн биш байна гэж үү. Дагжин чичрэхгүй байхын аргагүй биш байна гэж үү. Бид ийм л аймар нийгэм амьдарч байна. Өдөр бүхэн ийм өдөр хоногуудтай нүүр тулж, дайран өнгөрч, туулан явсаар байна. Бурхан минь, бидний бүтээчихээд байгаа ертөнц шүү дээ. Энэ жаахан хүүхэд хүртэл хүйтэн нийгмийг бүтээхэд тоосго авчран түүнийгээ бат бөхөөр тогтоож байна шүү дээ.
10 нас ч хүрээгүй дэлдэн чихтэй жаахан хүүхэд хамаг байдаг хоолойгоо шахаж "П..." гэж чангаар нүүрээ улалзуулан хашгирсаар л байна. Юуных вэ, юуны учир вэ? Ийм жаахан хүүхдийн 10 үгнийх нь 7 нь, амнааас гарах авианых нь ихэнх нь энэ мэт хараалын үгс байхад, бид бие биенээсээ халуун дулаан үгсийг сонсохыг улам ихээр хүсэхгүй байлаа гээд яах билээ.
10 нас ч хүрээгүй бяцхан дүү минь, ядаж энэ мэт хүйтэн үгсдээ чи өөрөө л битгий даараарай. Болж өгвөл бусдыг ч битгий дааруулаарай. Тэгээд ерөөлийн үг хэлж сураарай.
Үнэндээ, намайг ийнхүү эргэцүүлэн бичиж байгааг хэн мэдэх. Энэ бяцхан хүү ч мэдэхгүй шүү дээ. Хэнд ч хэрэгтэй юм. Ингээд л санаа алдах минь...


Comments
Post a Comment