Тийм ертөнц

 
   Яг хэвээрээ. Бүх зүйл яг хэвээрээ л байна. Байдагтаа. Байрандаа. Яг тэндээ. Үхээд л, амилаад байдаг мэдрэмжүүд минь. Үзэн ядаад, хайрлаад л байдаг мэдрэмжүүд минь. Өнөөх цагаан далбаагаа хийсгээд байдаг усан онгоцыг, өнөөх л ойртоод ирэхээр улам гэрэлтээд байдаг гал тэрэгийг, тэгээд хов хоосон суудлыг бас тэнгэрийг, далайг. Би харж байна. Усан онгоцыг, гүн цэнхэр далайд зураг зураад байдаг тэр л усан онгоцыг! Бүдэгхээн утаа нь хичнээн үзэсгэлэнтэйгээр уусдагийг! Зурсан зураг нь хичнээн дуу алдмаар сайханыг. Би харж байна шүү дээ. Бас гал тэрэгийг, цаг хугацааны машинаар хичнээн зам туулж энд зогсож байгааг бодох бүртээ хичнээн уртаар магадгүй түүний туулсан замаас ч уртаар санаа алддагийг, хичнээн хуучирсан ч, хичнээн удсан ч, хичнээн он цагийг элээж, хичнээн урт замыг туулсан ч тэр яг цагтаа, яг ирэх ёстой газраа амсхийлгүй ирээд л зогсдог. Санаа алдаж буй мэт хонхоо дуугаргадаг. Олон хүний хөлийн чимээ, цалгих инээд, дүүрэн ачаа, бас дүүрэн хүсэл мөрөөдлийг тэр очих ёстой газар нь хүргэж өгдөг. Тэр олон хүмүүсийн хүлээлтийг, хүсэл мөрөөдлийг би харж байна.
Тэнгэрийг, тийм уужмыг, тийм уудмыг, тийм нигүүлсэнгүйг, тийм энэрэнгүйг, тийм сүрдмээрийг, тийм уярмаарыг, тийм гүнийг, тийм холыг, тийм хоосныг, бас тийм дүүрнийг хаанаас би олж мэдрэх билээ. Тэнгэрийг, хэн нэгэн эмэгтэйн тэнгэрт ургадаг мододыг харах хүслийг, тэнд юу байгаа бол гэсэн мөрөөдлийг, тэнд хүрэх гэж тэмүүлэх зоригийг бас төсөөлөлд минь дандаа багтаад байдаг диваажинг! Цагаан бүхний эх оронг! Цаг хугацаанаас ангид тэнгэрийн элч нарыг! Тэдний "гэрэл"-ийг! Бидэнд зурж өгдөг далавчийг! Бүгдийг нь хайрлаж байна! Бүгдийг нь би харж байна.
   Түүнээс илүү үнэн, түүнээс илүү ариун нь хаана юм бэ. Тийм их эрх чөлөөг, тийм л санаа алдмаар сайхан ертөнцийг хаанаас олох юм бэ. Хэвээрээ л байдаг. Хувирдаггүй тэр ертөнцөд амьдарч нэг үзэхсэн. Тэнгэр шиг тийм уудам ертөнц манай дэлхийн хаана вэ. Тийм ертөнцийг өөрөө бүтээгээд амьдарья гэвэл би хичнээн уужим болох ёстой вэ.
   "Гүн тэнгэр хэмхрэхгүй ээ, дүү минь. Харин бид л хэмхэмрч ойчдог юм." Мөн чанараараа хэмхрээд уначихсан хэврэгхэн хүмүүс дунд бид амьдарч байна. Бүхнийг тэвчсээр тэнгэр уужим хэвээр л байдаг. Улам л гүн цэнхэртсээр, уужирсаар л байдаг. Бид л наана нь бачимдсаар, бахардсаар л байдаг. Тэр их уужмыг анзаарахаа ч больдог, гүнзгий амьсгаа авахаа ч больдог. Гүн тэнгэр хэмхэмрч унаагүй цагт хүн мөн чанараа авч үлдэн хүн хэвээрээ дуусмаар байна. Уусмааргүй байна.
   Өнөөдрийнх ердөө л энэ хүртэл. Уужирсаар, дотогш алсарсаар л байна. Хэр уудамд хэр их алсрахаа би мэдэхгүй л байна. Гэвч энэ бүхэн мөн чанарын төлөөх тасралтгүй тэмцэл байна. Өөрийгөө эрж хайхуйн цуцашгүй аялал байна. Өөрийгөө бүтээхүйн мохошгүй зүтгэл байна. Эцэст нь үзэсгэлэн төгөлдөр өнөөх ертөнцийн төлөө!

Comments

Popular Posts