Хавар ирнэ ээ, хоёулаа хамтдаа хүлээе


   Ахиад л цагийн зүү арван хоёрыг зааж байна. Үдшийн арван хоёрыг шүү дээ. Энэ миний хэд дэх шөнө вэ? (Энэ нь түүнийг хэдэн шөнө нойргүй хонож байгааг хэлж буй хэрэг л дээ.) Арван хоёр! Арван хоёр дох шөнө лав л биш! За ер нь хэд дэх ч байсан яахав дээ. Дандаа л цагийн зүү арван хоёрыг заадаг шүү дээ.
Нөгөө л нэг энгийн байдаг л шөнө.
   "Өвөл бид 2 хамт даараад сууж байна."
Тийм л дээ. Өвөлтэй би, арван хоёроос олон шөнө цагийн зүүг ахиад эхнээс нь эхлүүлж байна. Өвөлтэй өглөө болтол ярилцаж байна. Өөрийг нь үзэн яддаг тухай, өвөл бүхэн яагаад дандаа хүйтэн байдаг тухай, тийм хүйтэнд тэнгэрээс яагаад цав цагаан цас хаялдаг тухай ярилцдаг. Тэр өөрөө цасанд хайртай тухай, өөрөө бас даардаг тухайгаа надад ярьдаг. Ингээд л бид 2 шөнөжин ярилцдаг. Өглөө болохоор юу хийх тухай, өдөр нь хэнийг санасан тухай, орой нь бас хэнийг хүлээдэг тухайгаа бид 2 ярилцдаг.
   Олон хүн надаас болж их даардаг, заримдаа би сэтгэлийг нь дааруулчихвий гэж айхдаа өдөржин уйлдаг. Надаас болоод, миний дурласан "цас"-наас болоод олон хүн баярлаж бас олон зүрх шаналдаг. Надаас болоод намар өнгөө алдаж, навчсаа унагадаг. Надаас болоод цэцэгс хүртэл, тунгалаг горхи хүртэл, хүн хүртэл мөс шиг хүйтэн болдог, нар хүртэл хөлдөхөө дөхдөг. Нар надаас айгаад сарыг дууддаг юм, шөнө ирдэг юм, тэгээд би ганцаараа харанхуйтай хамт их удаан байдаг, нарыг хүлээж. 
Намрыг, зуныг, тэгээд хаврыг хүн бүхэн хайрладаг, хүлээдэг, санадаг. Харин өөрийг нь хэн ч санадаггүй. Хачин их ганцаардаж, ахиад л тэр уйлдаг. Чин сэтгэлээсээ тэр өөрөө даарч эхэлдэг. Чичирж эхэлдэг. Түүнийг дулаацуулах хэн ч байдаггүй, бүгд түүнээс жихүүцдэг тухайгаа надад ярьдаг. Тэр чимээгүй уйлдаг. Түүнийг энгэртээ тэврээд би ч бас уйлдаг. Дулаацуулдаг. Тайвшруулдаг. Дулаацдаг. Тайвширдаг.
   Хамтдаа даардаг. Хамтдаа уйлдаг. Аль хэдийн цагийн зүү арван хоёрыг ардаа орхиж ахиад л арван хоёр луу гүйж эхэлдэг. Өвөл, бид 2 ч бас гүйж эхэлдэг. Бид бүгдээрээ гүйж эхэлдэг. Тэгээд л өвлийг үзэн ядаж эхэлдэг. Үнэнгээсээ даарч эхэлдэг.

Яг одоо өвөл, бид хоёр "хавар"-ыг хамтдаа хүлээж байна.

Comments

Popular Posts