Камью ба цэг таслал, цонх
"Итгэж байсан минь энэ гээд л..." дуулдаг байж билээ. Уйлдаг байж билээ. "Итгэхгүй ээ..." гээд амладаг байж билээ. "Ахиад л битгий..." гэж сэтгэлээрээ дахиад л "итгэл" сүлжин суудаг байж билээ. Харин одоо "сүлжсэн итгэл бүрээ нэг нэгээр нь өөрөө хөвж тоглодог" боллоо. Одоо надад утас ч хэрэггүй, итгэл ч хэрэггүй гээд бүхнийг орхиод явах зориг байсаар л байхад "би хөвсөн утаснуудаа ахиад л нэхээд эхэлдэг". Нэхэгдээд эхэлдэг. Итгэсээр л байдаг.
Энд би цэг, таслалын тухай, итгэлийн тухай, амьдрал хэмээх нарийнхан утсан дээр хэрхэн чадварлагаар утсан хүүхэлдэй болон алхаж байгаа тухайгаа бичиж байна шүү дээ. Түүндээ итгэх гэж оролдож байгаа тухайгаа бичиж байна.
Шал утгагүй, шал инээдтэй юм
Баахан кофе ууж, баахан санаа алдав
Өчигдөрт
Өөрийгөө гээчихсэн хүмүүсийн
Инээмсэглэлийг хараад дагаж инээх хүсэл алга.
Цонхныхоо цаана ахиад нэг цонх зураад
Түүний цаанаас хүмүүсийг харж
Тэдний тэсгим өвлөөс ч илүү хүйтэн бодлуудад даарч байна.
Дагжин чичирж байна.
Эмгэнэлтэйгээс эмгэнэлтэй энэ түүхийг бичдэг хүн бүхэн
Бүгд л яг тэдэнтэй "цонхны цаана" гарна
Яг тэдэн шиг бусдыг дааруулж орхино
Орж ирээд өөрөө даарч эхлэнэ
"Гадагшаа гарахдаа мөн чанараа аваад гараарай" гэж
Өдөр бүхэн цонхон дээрээ бичээд өглөө бүхэн уншина.
Дайн ердөө л энэ цонхны наана, цаана болдог юм
Өө, хүн байх ёстой гэдгээ хаана мартдагаа одоо л ойлголоо.
А. Камьюгийн "Абсурд эссэ"-нүүдийг өдөржин уншчихаад өвөлтэй хамт хөлдчихөв. Гэсэх гэж, гэсгээх гэж бодол санаануудаа "шатаах"-ыг оролдож байна.
Цонхны цаана өвөл бож байгааг харж байна уу? Цонхны цаана л... Энд, энд л дулаахан байна гэж итгэсээр байна...
2012.01.06



Comments
Post a Comment