Өглөөний тэмдэглэл
Өнөө өглөө уралдаж босоод сүүгээ авав. Том ажил амжуулсан шүү. Сүү зардаг эмээ маань өглөө 9 өнгөрөөд л ирдэг юм. Би гэж хүн өмнөх шөнө өнөөх л шар шувууны ажлаа хийсээр үүрийн 4, 5 хүргэж унтсан болохоор өглөө босно гэдэг үнэндээ дэлхийн 3 дайн болох гэж байгаа юм шиг л юм болно гэдгээ мэдэж байв. Тэгээд л өглөө сүүгээ авна гэж бодоод сэрүүлэгээ тавиад унтав. Өглөө сэрүүлэгээ сонссон ч босох гэж нилээн л гүрийж, эмээг л жаахан орой ирээсэй гэж найдсаар арай хийн босов. Цонхоор харахад сүүний эмээ маань аль хэдийн ирчихэж. Амжиж боссондоо бөөн баяр. Хам хум саваа аваад л гарах нь тэр. Яг очсон чинь эмээгийн сүү дуусч байдаг байгаа. Тэгээд л миний араас 5 л, 10 л сүү авна, эмээ би дараа ирэхээр чинь авна, надад үлдээгээрэй гэцгээсэн хүмүүс оочерлон зогсоно. Би гэж яг дуусахаас нь өмнө амжиж авсан баатар. Бөөн баяр. Ахиад жаахан л унтсан бол өнөө өглөө сүүнээсээ хоцрох байсан байна. Өнөө өглөө их л хөгжилтэй санагдав.
Тэгээд бас нэг гоё зүйл нь өнөө өглөө хичнээн "сайхан өглөө" байв аа. Би ч хурдхан шиг зун л болоосой гэж бодлоо. Ер нь тийм нэг сайхан зуны өглөөний мэдрэмж байдаг юм л даа. Зун өглөө эрт босч гүйхээр яг тийм мэдрэмж төрдөг юм.
Эсвэл бүүр нээх тийм сайхан агаар устай, хөдөө ч юм уу өглөө эрт босчихоод зугаалж байгаа юм шиг, шувуудын жиргэхийг сонсож, өвсний шүүдэр бүрийн амьсгалахыг сонсож, хэдий тийм ч тэр өглөөний анир чимээгүйг бас үзэсгэлэнтэй сайхныг нь мэдрэхийг ямар их хүсэв ээ. Яалт ч үгүй цэвэр агаар л хэрэгтэй байгаа юм даа. Тэгээд ер нь байгаль дэлхий гэдэг чинь хичнээн үзэсгэлэнтэй, хичнээн сайхан билээ дээ.
Яг одоо би, баатарлагаар амжиж авсан сүүгээ уугаад сууж байна. Бүр 2 дахь аягаа гээч. Тэгээд л өнөө өглөө шар шувууны биш болжморын ажил хийж байна.
Одоо уншиж байгаа номоо үргэлжлүүлэн уншихаар зориг шулуудан, өнөөдрийн ажлаа төлөвлөж байна.
Өглөө бүхний нарыг, өдөр бүхний сайхныг нь л мэдэрч амьдрах юм сан.
Аяа, амьдрал юутай гайхалтай.
Өнөөдрийн тэмдэглэл заавал утгатай байх албагүй. Зүгээр л бичмээр санагдсан юм. Зүгээр л. Зүгээр л тэр шүү дээ.

Comments
Post a Comment