Харцан дотроо өөрөө нисдэг охин

   Бяцхан охины инээмсэглэлийг, бас тунгалаг харцыг санаж байна. Хөгжим эгшиглэж эхлэхэд, дагаад "инээгээд" эхлэдэг, хөгжмийн аясаар хуруу нь хаашаа ч юм найгаж, ямар ч юм намуухан бүжгийг хуруугаараа бүжиж эхэлсэн. Ямар ч юм үгсийг хуруугаараа зурж эхэлсэн. Тэр бяцхан охины харцыг ээ! Далавчийг ээ! Хугараагүй далавч! Дагаад нисчихмээр, нисээд баймаар байсан гээч. Би тэр охиныг "ягаан далавчит охин" гэж нэрлэсэхээр шийдсэн. Ахиад хэзээ нэгэн цагт таарахад тэр л далавч нь хугараагүй хэвээрээ байгаасай... Тэр охины хурууны үзүүрээс гарах уянгалаг хөгжмийг ахиж сонсохыг... тэр далавч л шийдэх байх...
Тэр яг төгөлдөр хуурч болно гэдэгт л баттай итгэж байна. Түүний тоглолтыг үзээд сууж байвал, жинхнээсээ түүний хуруунууд төгөлдөр хуурын хар, цагаан товчлуур дээр бүжихийг сонсвол... Ягаан далавчтай охиныг нисэж сурахыг харвал...Төгөлдөр хуурын товчлуурууд амь орохыг, тэгээд уйлж эхлэхийг, дуулж эхлэхийг сонсвол...
Тэр охин жинхнээсээ далавчтай байсан. Тэгээд тэр охин, харцан дотор нисэж байсан.
Түүний харц, далавч тэгээд төгөлдөр хуур. Охин минь, заавал төгөлдөр хуурч л болоорой. Хамгийн "гэгээн" аялгууг тэр л хуруунуудаараа тоглоорой. Далавчаа гэмтээж болохгүй шүү. Хөгжим эхлэхээр "инээдэг" инээмсэглэл чинь л хамгийн сайхан аялгуу нь байсан. Гэрэл гэгээг цацруулагч, нарнаас ч тод гэрэлтэх охин минь, яг тийм далавчийг олон хүнд зурж өгөөрэй.
Хүн бол өөрөө хамгийн сайхан аялгуулаг хөгжим бөгөөд
урлаг хүнийг мөн чанарт нь улам ойртуулдаг. 
Урлагт ойрхон хүн мөн чанартайгаа ойрхон байдаг ч байж мэднэ.

Comments

  1. "Хүн бол өөрөө хамгийн сайхан аялгуулаг хөгжим бөгөөд
    урлаг хүнийг мөн чанарт нь улам ойртуулдаг. " гоё хэлжээ бичнэ гээд бсан бичсэн бн шүү

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts